Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн цагдаа сошиал сүлжээнд худал мэдээ тарааж, хүчирхийлэлд уриалсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Энэтхэгийн зүүн хойд Трипура мужид хиндү шашинтнууд Исламын шашны дөрвөн сүмийг сүйтгэж, муслим хүн амын орон гэр, ажлын байруудыг тонож дээрэмдсэн юм.

Үүний улмаас цэрэг, цагдаагийн хүч Исламын сүм хийдүүдийг хамгаалалтад авч, дөрвөөс дээш тооны хүн нэг дор цугларахыг муж даяар хориглож, онц байдал тогтоож байжээ.

Трипурад гарсан үймээн самуун нь сошиал сүлжээнд тархсан худал мэдээлэлтэй холбоотойг хуулийн байгууллагууд олж тогтоосон байна. Тухайлбал хүн амын ихэнх нь исламын шашинтай Бангладеш улсын хил дагуу хиндү шашинтууд алагдсан тухай мэдээ тарснаас өшөө авах зорилготой хөдөлгөөн Трипурад үүссэн гэнэ.

Цагдаагийн газар тарсан худал мэдээллийг устгах шаардлагыг Facebook, Twitter, YouTube компаниудад хүргүүлснээс Ням гарагийн байдлаар ихэнх нь хэрэгжжээ.

Мөн цагдаа нар уг худал мэдээллийг түгээсэн 100 орчим эккаунтын эзнийг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Энэтхэгийн муслимуудын төлөөлөгчдийн мэдээлснээр 2014 онд ерөнхий сайд Нарендра Модигийн хиндү шашны хэт үзэлт Бхарат Жаната нам төрийн эрхэнд гарснаас хойш шашнаар ялгаварлан гадуурхах явдал улам нэмэгдсэн гэнэ.

 

Эх сурвалж: AFP