Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-ын дарга хэн байхыг шүүх, МАН шийдэхгүй, харин намын гишүүд маань шийднэ"

ikon.mn
2021 оны 11 сарын 8
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Энэ бол Ардчилсан намын онц их хурал дээр Ц.Элбэгдорж хэлснийг нь Н.Алтанхуяг нэр заан дэмжиж, давтан хэлсэн өгүүлбэр. Хуралд бухимдаж бас уучлал хүсэж 2-нтоо үг хэлсэн, Ардчилсан намын ахмад гишүүн С.Батчулууны хэлснээр намын мянга, мянган гишүүдээ ичээж, байж суух газаргүй болтол нь байлдаж явсан 2 эрхэм хоршин энэ мэт утга бүхий хэд хэдэн санааг давтан хэлсэн нь АН-ын их хурлын магадгүй хамгийн тааварлашгүй үйл явдал байлаа.

Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл тэргүүтэй нэгэн цагийн лидерүүд эвлэрэл, Ардчиллын талаар үгээ хэлж, Р.Амаржаргал, Л.Эрхэмбаяр, Д.Одхүү, С.Болдхэт тэргүүтэй тэрхэн үеийн экс гишүүд, генсекүүд ажих, анхаарахын завсарт их хурлын төлөөлөгчдийн хамт тун ч идэвхийлэн оролцож, яг одоо парламентад суугаа 11+2 бүлгийнхэн бүтнээрээ, анхан дунд шатныхан тамга өвөртөлж оролцсон нь ойрын хэдэн жилдээ байгаагүй оролцоо, онцлогийг харууллаа. Олон хүний хурлын өмнөх мэдэгдлээс олигтой зүйл ч болохгүй бололтой, очих ирэх хүн ч гэж алга шиг гэсэн хүлээлтийг энэ бүхэн тас татав.

 

 “Ах нар руугаа дайрч хараар буддаг, арчаагүй зан манай намд байна. Ирж буй хүмүүстэй ч, явж буй хүмүүстэй ч алга ташаад сурчихъя. ... Хэнтий аймгийн Дархан сумын намын дарга намайг УИХ-ын сонгуульд ялахгүй гэдгийг төв намынхан яаж мэдээд байгаа юм. Би ч гэсэн өрсөлдөөд үзмээр л байна ш дээ. Чадахгүй бол тэгээд хонио хариулаад л амьдаръя” жишээлэн хэлсэн шигээр их хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгоход сумын намын санал бүү хэл аймгийн намаас ч асуухаа больсон нь ялагдлын шалтгаануудын нэг шүү гэж олон төлөөлөгч онцолж байлаа.

“Ховдчуудын дуулдаг Тунгалаг Буянтыг зохиосон Балдан гуайн хүүгийн хүү Содномзундуйн Эрдэнээ минь битгий өвөөгийнхөө нэрийг хугалаач ээ гэж Ардчиллын анхны салхийг сэвэлзүүлсэн Ховдчуудынхаа өмнөөс уриалж байна.” хэмээн ирээгүй ч “экс” даргаа эвийлж нэг, гуйж нэг, загнаж нэг хэлэх төлөөлөгчид ч олон байв.

Хурц, тод гэхээсээ илүүтэй хурдхан эвээ олоод аяа бодъё, магадгүй АН-ын эцсийн итгэл найдвар энэ хурал шүү гэх уур амьсгал, мэдрэмжийг хуралд суусан хэн бүхэн авсан байх. Бас хүссэнээр нь эрх ямба, мэдэл чөлөөг нь олгоод байгаад ассан шиг асаж, дүрэлзсэн шиг дүрэлзэхгүй бол аймаг, тэр тусмаа сумдын АН-ын дарга нараа дэвжээ ахиулан өрсөлдүүлээд үзэхэд буруудахгүй болсныг Завханы Тосонцэнгэлийн Төрмөнх тэргүүтэй залуусын үгнээс ч харж болмоор.

 

Анхаараад суувал асуудал, шийдэлтэй ихтэй хурал эцсийн мөчид О.Цогтгэрэлийг намын даргаар батламжилж, Л.Гантөмөрт гал тогоогоо даалгах болсноор өндөрлөлөө. Л.Гантөмөрийн удирдлагад Х.Тэмүүжин, З.Нарантуяа тэргүүтэй одоогийн ЗГ-аас ч чанартай гэж хэлэхээр 8 нарийн бичиг ажиллах болно.

Ямартай ч орчлонгийн жам, цаг аясаар олдсон боломждоо онц сайн ажиллаж АН-ыг бадраах уу?, олиггүй энэ цагийнх шиг гэлдрүүлсээр сэхээний өрөөнд хэвтээ намынхаа сүүлчийн амийг таслах уу? гэдгийг Одонгийн Цогтгэрэл шийдэх цаг ирлээ. Хэрхэхийг одоо дүгнэхэд хэт эрт байна.

 

Нийтлэл бичсэн: СХД-ийн АН-ын гишүүн Б.Батболд