Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Барбадос улс хатан хааны захиргаанаас гарч, бүгд найрамдах улс болох ёслолд хунтайж Чарльз оролцоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Барбадосын ерөнхий сайд Миа Амор Моттли, хунтайж Чарльз нар

Карибын тэнгисийн арал улс Барбадос нь Их Британийн хатан хааны захиргаанаас гарч, бүгд найрамдах засаглалтай улс болох шийдвэр гаргасан билээ.

Энэ сарын сүүлээр болох засаглал солих ёслолын ажиллагаанд Их Британийн угсаа залгамжлах хунтайж Чарльз оролцохоор болжээ. Британийн эзэнт гүрний колони байсан Барбадос арал 1966 онд тусгаар тогтнолоо зарласан ч хатан хааныг төрийн тэргүүн хэвээр үлдээж, түүний томилсон захирагчаар удирдуулдаг болсон юм.

Тус улсын тусгаар тогтнолын 55 жилийн ойн өдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр одоогийн захирагч, 72 настай Сандра Мэсон тангараг өргөж, Барбадосын анхны ерөнхийлөгч болох ажээ.

Уг арга хэмжээнд Барбадосын ерөнхий сайдын урилгаар Чарльз хунтайж оролцох юм байна.

Хэдийгээр Барбадос улс хатан хааны засаглалыг халах ч Британийн колони байсан 54 улсыг нэгтгэсэн Хамтын Нийгэмлэгийн гишүүн хэвээр үлдэх юм.

Хунтайж Чарльз хаан болсныхоо дараа Хамтын Нийгэмлэгийн тэргүүн болох хүн гэдэг утгаараа Барбадост хүндэт зочноор уригджээ.

300,000 орчим хүн амтай Барбадосыг 1625 онд Британичууд захиргаандаа оруулж байв. Британийн ёс уламжлалыг дагадаг, үнэнч колони байсныхаа төлөө Барбадос арал “Бяцхан Англи” нэртэй болж байжээ.

Үзэсгэлэнт далайн эргээрээ алдартай Барбадос арал нь аялал жуулчлалын салбараас гол орлогоо олдог. Цар тахлаас өмнө тус улсад жил бүр сая гаруй жуулчин ирдэг байжээ.

2020 оны есдүгээр сард Барбадос улс Британийн хатан хааныг төрийн тэргүүнд өргөмжилдөг уламжлалаасаа салах болсныг зарласан юм.

Тухайн үед Букингэмийн ордноос гаргасан мэдэгдэлд “энэ бол Барбадосын засгийн газар, ард түмний шийдэх асуудал” гэж байжээ.

Барбадос улс бүгд найрамдах засаглалтай болсны дараа 95 настай хатан хаан Элизабет нь Британиас гадна Хамтын Нийгэмлэгийн гишүүн 15 улсын төрийн тэргүүн хэвээр үлдэнэ.

Ирэх жил түүний хаан ширээнд суусны 70 жилийн ой тохиох юм. Хатан хааныг төрийн тэргүүнээрээ залсан орнуудын дотор Австрали, Канад, Шинэ Зеландаас гадна Антигуа ба Барбуда, Папуа Шинэ Гвиней, Тувалу зэрэг жижиг улсууд багтдаг.

 

Эх сурвалж: AFP