Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улсын ерөнхийлөгч олигархийн эсрэг хуулийг баталжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр олигархийн эсрэг хуулийг баталжээ.

Уг хууль нь улс төрд томоохон олигархиудын нөлөөг хязгаарлах зорилготой.

“Бизнесмэн хүн хэр том байхаасаа үл хамааран хуулийг сахиж, бусад этгээдүүдтэй ижил тэгш нөхцөлд ажиллах ёстой. Хуульд нөлөөлөхийн тулд улс төрчдийг худалдаж авдаг зуршлаасаа манай баячууд татгалзах цаг болсон. Олигархийн системийг устгахгүйгээр Украин улс ядуурлаас салах боломжгүй, Европтой ойртох боломжгүй юм” гэж Зеленский мэдэгджээ.

Уг хуульд олигархи гэж хэн болох талаар нарийн тодорхойлж, тэднийг бүртгэлжүүлэхээр заасан байна.

Мөн төрийн албан хаагчид жагсаалтад багтсан олигархиудтай ямар хэлхээ холбоотой болохоо албан ёсоор мэдүүлэх үүрэгтэй болжээ.

Шинэ хуульд олигархиуд улс төрийн нам, улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглож, төрийн өмчийн хувьчлалд оролцохыг нь хориглосон байна.

АНУ болон Европын Холбоо олигархиудын нөлөөг улс төрөөсөө арилгахыг Украины засгийн газарт олон жилийн өмнөөс уриалсаар ирсэн юм. Европын Холбоонд Украин улсыг элсэхэд авлигын түвшин нь саад болдог.

Украины Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэн олигархи ангилалд багтах нөхцөлийг хангаж байгааг хэлэлцэж шийддэг байхаар хуульд заажээ.

Украины засгийн газар, төв банк, монополийн эсрэг яам, тагнуулын алба зэрэг байгууллагууд олигархи ангилалд оруулах хүний нэрийг дэвшүүлж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлж шийдүүлэх юм байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe