Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Герман дахь Оросын элчин сайдын яамны гаднаас дипломатчийн цогцос олджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Берлин хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны байрны зэргэлдээ гудамжнаас нэгэн дипломатчийн цогцос олдсон тухай Германы Der Spiegel сэтгүүл өчигдөр анх удаа мэдээлжээ.

35 настай хохирогчийн цогцос аравдугаар сарын 19-ний өглөө олдсон нь сая л нийтэд ил болсон юм байна. Түүнийг элчин сайдын яамны байрны цонхоор унасан гэж дүгнэжээ.

ОХУ-ын элчин сайдын яам цогцост задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй тухай Германы аюулгүй байдлын албаны эх сурвалж Der Spiegel сэтгүүлд мэдээлсэн байна.

Нэр нь тодорхой болоогүй хохирогчийг элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашиж байснаас гадна Оросын Холбооны Аюулгүй Байдлын Албаны мэргэжлийн тагнуулч байсныг сэтгүүлд мэдээлжээ.

ОХУ-ын элчин сайдын яамнаас энэ талаар тодруулахад “золгүй явдал” болсон нь үнэн гээд “ёс зүйн шалтгаанаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Баасан гарагт болсон Германы гадаад хэргийн яамны хэвлэлийн хурлын үеэр Оросын дипломатач амиа алдсан талаар тус улсын засгийн газар мэдэж байгааг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс мөн татгалзжээ.

 

Эх сурвалж: Reuters