Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордон нэгдүгээр сарын 4-нөөс өмнө ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулахыг Америкийн компаниудад үүрэг болгов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өчигдөр хүн амын вакцинжуулалтыг түргэсгэх хатуу шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу 100-аас дээш ажилтантай компаниуд ирэх оны нэгдүгээр сарын 4-нөөс өмнө бүх ажилтнаа коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунд хамруулах ёстой болж байна. Вакцинжуулалтад хамрагдаагүй ажилтнууд энэ өдрөөс эхлэн ажлын байрандаа заавал амны хаалт зүүж, долоо хоног бүр шинжилгээ өгөх ёстой болжээ.

Заасан хугацаанаас өмнө компаниуд вакцин тариулахаар явах ажилтандаа цалинтай чөлөө олгох үүрэгтэй болсон байна.

Уг журам хувийн компаниудаас гадна Америкийн ихэнх эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлэх бол холбооны засгийн газрын албан хаагчдын зарим хэсэгт бас үйлчлэх гэнэ.

Байдены засаг захиргааны мэдээлснээр шинэ журам АНУ-ын нийт ажиллах хүчний гуравны хоёроос илүү хэсэгт үйлчлэх юм байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй болсныг энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн тоо баримт харуулж байгаа. Үүнд коронавирусийн Дельта хувилбарын тархалт, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын хэсэг гол нөлөө үзүүлжээ.

“Вакцинжуулалт бол цар тахлыг дуусгах цорын ганц арга. Гэвч маш олон хүн вакцинжуулалтад хамрагдахгүй байгаа нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байна. Тиймээс би ажил олгогчдод уриалж байна. Бизнесийн байгууллагуудад цар тахлыг түргэн дуусгаж, олон хүний амийг аврах, эдийн засгийн өсөлтөө хамгаалах их хүч бий” гэж Байден мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: AFP