Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд Covid-19 өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг ген Өмнөд Азийнханд хамгийн их байгааг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд Covid-19 өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг генийг илрүүлснээ өчигдөр зарлажээ.

Ийм гентэй хүмүүсийн хувьд коронавирусийн халдвар авсны дараа хүндрэх, уушги нь муудах, улмаар нас барах магадлал илүү өндөр байдаг гэнэ.

Судалгааны тайлан өчигдөр The Nature Genetics сэтгүүлд нийтлэгджээ.

Сонирхолтой нь уг ген Өмнөд Ази гаралтай хүмүүсийн 60 хувьд илэрсэн байна. Харин Европ гаралтнуудын 15 хувьд илэрчээ.

Карибын тэнгисийн арлуудад амьдардаг Африк гаралтай хүмүүсийн ердөө 2 хувьд илэрсэн бол Зүүн Азиас гаралтай хүмүүсийн 1.8 хувьд илэрсэн байна.

Цар тахлын үеэр Энэтхэгт олон хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан, мөн Их Британийн Өмнөд Ази гаралтай (Энэтхэг, Пакистан, Бангладеш) иргэдийн дунд өвчлөл өндөр байгаа нь уг гентэй холбоотой байж болзошгүй гэж судлаачид тайлбарлажээ.

Оксфордын судлаачид хиймэл оюун ухааны технологийг хамгийн орчин үеийн молекулын технологитой хослуулан ажилласнаар өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг LZTFL1 нэртэй генийг илрүүлсэн юм байна.

“Хэрвээ таны биед эрсдэлийг нэмэгдүүлдэг ген байхгүй бол Covid-19 өвчнөөр хүндрэх магадлал ийм төрлийн гентэй хүмүүсийнхээс 50 хувь бага гэж ойлгож болно” гэж судалгаанд оролцсон Оксфордын профессор Жэймс Дэвис ярьж байна.

Судалгааны үр дүн дээр үндэслэн тухайн хүний генд тохирсон эм, эмчилгээний шинэ арга бий болгох боломжтой гэж үзэж байна. Одоохондоо LZTFL1 гентэй хүмүүсийг Covid-19 өвчний хүндрэлээс хамгаалах хамгийн сайн арга бол вакцин гэнэ.

 

Эх сурвалж: BBC