Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

NASA дэлхийг астероидын мөргөлтөөс хамгаалах туршилтыг гүйцэтгэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

1998 онд Холливүүдэд бүтээсэн “Armageddon” кинонд Брюс Уиллис, Бэн Аффлэк нар дэлхий рүү чиглэн ирж буй астероид (бага гараг)-ыг устгаж байгаа тухай гардаг.

Яг үүнтэй төстэй туршилтыг Америкийн сансар судлалын байгууллага NASA гүйцэтгэхээр болжээ.

Хэдийгээр одоохондоо дэлхийд заналхийлж  буй астероид байхгүй ч ирээдүйд учирч болзошгүй аюулд бэлтгэлтэй байхын тулд ийм туршилт хийх юм.

Ирэх онд NASA-гийн бүтээсэн сансрын хөлөг 24,000 км/цаг хурдаар нэгэн астероидыг мөргөнө.

Dart (The Double Asteroid Redirection Test) нэртэй энэ төсөлд NASA $330 саяыг зарцуулжээ. Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Dart төслийн хөлгийг SpaceX Falcon 9 пуужинд тээвэрлэн сансарт хөөргөх юм.

Хөлөг ирэх оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 1-ний хооронд дэлхийгээс 11.9 сая километрийн зайнд байгаа нэгэн астероидыг мөргөх ажээ. Уг астероид нь Диморфос нэртэй, 160 метр диаметртэй бөгөөд Дидимос хэмээх илүү том астероидоо тойрон эргэж байдаг гэнэ.

Эдгээр биетүүд дэлхийд ямар ч аюул учруулаагүй ч дэлхий дээрх телескопуудаар ажиглахад хамгийн тохиромжтой учир туршилтад ашиглахаар сонгогджээ.

Dart хөлөг өөрийн эх биед бэхлэгдсэн камер бүхий жижиг хиймэл дагуулыг мөргөлтөөс 10 өдрийн өмнө өөрөөсөө салгах юм. Италийн сансрын агентлагийн бүтээсэн уг хиймэл дагуул мөргөлтийн үеийн үйл явцыг хөндлөнгөөс дүрсжүүлж, дэлхийд илгээх зорилготой.

Диморфос астероид нь Дидимосоо 11 цаг, 55 минутын хугацаанд нэг бүтэн тойрдог гэнэ. 550 кг жинтэй Dart хөлөг Диморфосыг мөргөснөөр устгахгүй. Харин хөдөлгөөнд нь бага зэргийн хазайлт үүсгэх гэнэ.

Өөрөөр хэлбэл том астероидоо бүтэн тойрох хугацааг нь 11 цаг, 45 минут болгох гэх мэтээр нөлөөлөх юм байна.

Эндээс эрдэмтэд дэлхийг чиглэн ирж буй астероидод ямар хэмжээний хүчээр үйлчилбэл хөдөлгөөний чиглэлийг нь хэр зэрэг өөрчилж чадахыг харах зорилготой.

NASA-гийн гараг хамгаалалтын албаны мэдээлснээр одоо дэлхийн ойр орчимд 27,000 гаруй астероид эргэлдэж байгаа гэнэ. Гэхдээ тэдний аль нь ч дэлхийд шууд аюул учруулахааргүй нөхцөлд байгаа.

1999 онд анх илрүүлсэн 500 метр өргөнтэй, Bennu нэртэй астероид 2135 оны үед дэлхий, сар хоёрын хоорондын зайны хагастай тэнцэх зайд нисэж өнгөрөх тооцоотой байгаа. Гэхдээ дэлхийд үзүүлэх нөлөөг нь эрдэмтэд маш бага гэж үздэг байна.

 

Эх сурвалж: AFP