Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Койнд 600 мянган иргэн 2 их наяд төгрөг оруулсан. Эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Койнд 600 мянган иргэн 2 их наяд төгрөг оруулсан талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-аас 2002 онд Хоршооны тухай хуулийг баталж байсан. Тухайн үед хоршоодыг хөгжүүлэх, иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилгыг агуулж байв. Ингээд 2006 онд хадгаламж зээлийн хоршоод гарч, 30 орчим мянган иргэнд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Тухайн үедээ хохирлыг барагдуулах чиглэлээр төрөөс нэг удаагийн хууль гаргаж, хохирлын 50 хувийг барагдуулж байлаа. Яагаад гэвэл Хоршооны тухай хуулийг батлахдаа пирамид тогтолцооны луйвар хийх боломжийг төр хангалттай сайн хааж өгөөгүй байсан гэм буруугаа хуваалцсан. Одоо шинэ нөхцөл байдал яригдаж байгаа нь койн юм. 

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулж байгаагаар хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос бараг 10 дахин их хүн, оролцож байгаа мөнгө нь мөн 10 дахин их хөрөнгө энэ чиглэлд эргэлдэж байна. Нэгэнт дэлбэрвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой. 

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа иргэдэд анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин зохицуулалтгүй байгаа. Энэ онцлог харилцааг чуулганы танхимаас УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх газруудаас өгч байгаа сэрэмжлүүлгийг дэмжиж, дахин хэлмээр байна.

Хууль эрх зүйн орчин байхгүй. Эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ. Яагаад гэвэл УИХ-аас энэ чиглэлээр хууль гаргаагүй, төр бүртгэж зөвшөөрөл олгоогүй. Иргэн та араа өөрөө даана гэдгийг шуудхан хэлмээр байна. Үнэгүй бяслаг бол хавханд байдаг" гэдгийг хэлэв.