Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ази гаралтай хүмүүс АНУ-ын хоёр том хотын даргаар анх удаа сонгогдов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын түүхэнд анх удаа Бостон, Цинциннати хоёр хотыг Ази гаралтай хүмүүс удирдахаар болжээ.

Тухайлбал Бостон хотын даргаар 36 настай Мишелл Ву сонгогдсон бол Цинциннати хотын даргаар 39 настай Афтаб Пуревал сонгогдсон байна.

Үүнээс гадна Ву нь Бостон хот захирагчийн албатай болсон 1822 оноос хойш төрсөн анхны эмэгтэй хотын дарга болжээ. Тэрбээр Тайвань гаралтай бөгөөд Чикаго хотод төрж өссөн юм. Харвардын хуулийн сургуулийг төгссөн Ву сенатор Элизабет Уоррены ойрын холбоотнуудын нэг гэгддэг. Тэрбээр арваннэгдүгээр сарын 16-ны өдөр үүрэгт ажилдаа орох ажээ.

 

Цинциннати хотын даргаар сонгогдсон Афтаб Пуревал төвөд ээж, энэтхэг аавтай. “Өнөөдөр бид Цинциннатигийн түүхийг бичлээ. Цинциннати бол хүн ямар харагдах, хаанаас ирсэн, мөнгөтэй эсэхээс үл хамааран сайн ажиллаж хөдөлмөрлөсөн нэгний мөрөөдлийг биелүүлдэг хот юм” гэж Пуревал сонгогчдодоо хандаж хэлжээ.

 

Тэр бас “Хэрвээ чи Ази хүн бол, дуудахад хэцүү нэртэй бол бүх юм хэцүү болдог. Чи илүү бүтээлч, илүү хөдөлмөрч байж, илүү олон айлын хаалгыг тогших хэрэгтэй болдог” гэж сонгуульд өрсөлдөхөд тулгарсан бэрхшээлийнхээ талаар ярьсан байна.

Сүүлийн хоёр жил орчим хугацаанд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Ази гаралтай Америкчуудыг гадуурхах явдал нэмэгдсэн. Ийм нөхцөл дундаас тэд томоохон хотуудын даргаар сонгогдсон нь Ази гаралтнуудын хувьд том дэвшил болж байна.

Саяхан гарсан судалгааны баримтаас харвал АНУ-ын хүн амын 6 гаруй хувийг Ази болон Номхон далайн арлуудаас гаралтай хүмүүс эзэлдэг ажээ. Харин АНУ-ын төрийн сонгуульт албан тушаалуудын 1 хүрэхгүй хувийг Ази гаралтнууд эзэлдэг байна.

 

Эх сурвалж: Associated Press