Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсын цөмийн зэвсгийн хүчин чадал АНУ-ынхаас хурдтай нэмэгдэх төлөвтэйг Пентагон анхааруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Пентагоноос гаргасан тайланд Хятад улсын цөмийн зэвсгийн хүчин чадал ойрын жилүүдэд АНУ-ынхаас илүү хурдан нэмэгдэх төлөвтэй байгаа талаар анхааруулжээ.

Ердөө нэг жилийн өмнөх төсөөлөл ийм хэмжээнд байгаагүйг тус тайланд онцолсон байна.

Пентагоныг тайлангаа нийтлэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли саяхан Хятад улсын дуунаас хурдан пуужингийн технологийн салбарт гаргасан амжилт нь хүчний харьцаанд “үндсэн өөрчлөлт” авчрахаар байгааг анхааруулсан юм.

“Бид дэлхийн геополитикийн хүчний харьцаанд томоохон шилжилт болж байгааг харж байна” гэж Вашингтон хотод болсон Aspen Security Forum чуулганд үг хэлэхдээ генерал Милли анхааруулсан байна.

Түүний үзэж байгаагаар Дэлхийн Хоёрдугаар дайны үед цэрэг зэвсгийн технологид гарсан томоохон дэвшлүүдээс хойш гарсан дараагийн том дэвшлийг дуунаас хурдан пуужин, хиймэл оюун ухаан, робот техникийн салбарт Хятад улс хийж байгаа гэнэ.

“Хэрвээ АНУ-ын зэвсэгт хүчин ойрын 10-20 жилд өөртөө томоохон өөрчлөлт хийхгүй бол  хоцрогдохоор байна” гэж Милли энэ үеэр хэлжээ.

Пентагоны тайланд Хятадын цөмийн цэнэгт хошууны тоо өнгөрсөн оны 200 орчмоос нэмэгдсээр 2027 онд 700, 2030 онд 1,000 хүрэхээр байгааг дурдсан байна.

Өнгөрсөн сард ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНУ-ын цөмийн цэнэгт хошууны тоог 3,750 болсныг зарлаж байв. Хүйтэн дайны оргил үед энэ тоо 20,000 давж байжээ.

Өнгөрсөн зун Хятад улсыг дуунаас хурдан зэвсэг амжилттай туршсан тухай яригдах болсон юм.

Энэ талаар генерал Миллигээс сэтгүүлчид тодруулахад “Хятад улс дуунаас хурдан зэвсэгтэй болсон бол энэ нь 1957 онд Зөвлөлт Холбоот Улс дэлхийн анхны хиймэл дагуул Спутникийг хөөргөж байсантай бараг дүйцэхүйц үйл явдал юм” гэж хэлж байжээ.

Хятад улс Тайванийг эзлэн түрэмгийлэх цаг ойрхон байгаа эсэх талаар генерал Милли хэлэхдээ “Ийм халдлага ойрын үед, магадгүй хоёр жилийн дотор лав болохгүй гэж би бодож байна. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Тайвань, БНХАУ хоёрын хоорондын ямар ч асуудал энхийн замаар шийдэгдэхийг хүсэж байгаа. Энэ бол бас Тайвань арлын болон Хятад улсын ард иргэдийн хүсэл сонирхол юм” гэсэн байна.

 

Эх сурвалж: Reuters