Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX-ийн сансрын хөлгийн жорлон эвдэрсэн тул NASA-гийн сансрын нисгэгчид дэлхийд буцаж ирэхдээ живх зүүнэ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
NASA-гийн Crew-2 багийн гишүүд

SpaceX компанийн бүтээсэн Crew Dragon сансрын хөлгийн жорлон ажиллахгүй болсон тул сансрын нисгэгчид удахгүй дэлхийд буцаж ирэхдээ живх зүүх болсон тухай NASA-гийн албаны хүн ярьжээ.

Crew Dragon хөлөг дөрөвдүгээр сараас хойш Олон Улсын Сансрын Станцад залгагдсан байгаа. Тэнд ажиллаж буй Crew-2 багийн гишүүд удахгүй дэлхий рүү уг хөлгөөр буцах юм. Гэхдээ тэдний буцах хугацаа нь дараагийн Crew-3 багийн сансрын нисгэгчид хэзээ Олон Улсын Сансрын Станцад очихоос хамаарах гэнэ.

Хөлгийн жорлонд гэмтэл гарснаас бохироо гадагш алдаж байгааг Crew-2 багийнхан илрүүлсэн юм байна. Гэхдээ тэд тойрог замд байх хугацаандаа Олон Улсын Сансрын Станцын жорлонг ашиглах тул асуудалгүй.

Харин дэлхий рүү буцахдаа Crew Dragon хөлгийг ашиглах тул живх ашиглах заавар NASA-гаас өгсөн байна.

Тойрог замаас Crew Dragon хөлгөөр дэлхийд буцаж ирэх хугацаа янз бүр байдаг. SpaceX-ийн нисгэсэн анхны сансрын нисгэгчдийн Demo-2 баг 2020 оны наймдугаар сард буцахдаа 19 цаг зарцуулсан байна.

Харин энэ оны тавдугаар сард буцсан Crew-1 багийнхан долоон цаг зарцуулж байжээ.

Жорлонгийн асуудал энэ оны есдүгээр сард SpaceX-ийн нисгэсэн анхны сансрын жуулчдын Inspiration4 багт бас тохиолдож байв. Тэд тойрог замд гурван хоног саатахдаа ямар бэрхшээлтэй тулгарсан талаараа дэлгэрэнгүй яриагүй юм.

“Живхийг зайлшгүй тохиолдолд ашиглах нь сансрын нисгэгчдийн хувьд байдаг зүйл. Энэ удаа зөвхөн тойрог замаас дэлхийд буцаж ирэх богино хугацааны аяллын үеэр ашиглах юм” гэж NASA-гийн нислэгийн хөтөлбөрийн менежэр Стив Стич саяхан хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider