Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын төв хэвлэл хар хун шувууг үржүүлж, хүнсэндээ хэрэглэхийг иргэддээ зөвлөжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эдийн засгийн хоригоор шийтгүүлж, цар тахлын улмаас Хятадтай залгаа хилээ хаасан Умард Солонгос улс хүнсний ноцтой хомсдолд орж эхэлснийг тус улсын төрийн төв хэвлэлд саяхан нийтлэгдсэн өгүүллээс харж болохоор байна.

Тухайлбал Родон Синмун сонины саяхны дугаарт хар хун шувууны мах шим тэжээлээр баялаг, эрүүл мэндэд тустай тухай бичиж, олноор өсгөн үржүүлж хүн ардын хоол хүнсэнд хэрэглэх боломжтой тухай өгүүлжээ.

Өмнө нь тус улсын төрийн төв хэвлэлд Пёньяны амьтны хүрээлэнгийн талаар мэдээ нийтлэгдэхэд л энэ амьтны тухай хааяа дурдагддаг байсан тухай ажиглагчид хэлж байна.

Харин хүнсний зориулалтаар ашиглах тухай анх удаа мэдээлсэн нь энэ гэнэ.

Умард Солонгосын зүүн хойд Жонпён мужийн нутагт анхны хар хун шувууны ферм байгуулагдсан тухай, тус фермийн ажилтан хар хунгийн маханд хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой бодисууд агуулагддаг талаар ярьсныг бас Родон Синмун мэдээлжээ.

Хар хун нь том биетэй усны шувуудын нэг бөгөөд Австралийн зүүн өмнөд болон баруун өмнөд бүс нутгуудад түгээмэл амьдардаг байна.

Өмнөд Солонгосын Шувуу Судлалын Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Бин Жи Чан “Би хар хун шувууг дэлхийн хаа нэгтээ хүнсэнд хэрэглэдэг тухай өмнө нь огт сонсож байгаагүй. Гэхдээ мах нь бусад усны шувуудынхтай адил тул үржүүлж, хүнсэндээ хэрэглэхэд асуудал байхгүй гэж бодож байна” гэж This Week in Asia сэтгүүлд ярьжээ.

Түүхээс харахад ховорт тооцогддог хар хун шувууг 18-19 дүгээр зууны Европын ном зохиолд хар мууртай адил муу ёрын амьтан мэтээр дүрсэлсэн байдаг.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан цар тахлаас сэргийлэхийн тулд ард иргэдийнхээ аж амьдралыг золиослох болсондоо уучлал гуйж байв. Сүүлийн үед тус улсад хоол хүнсний шинэ эх үүсвэр бий болгох төрөл бүрийн ажил зохион байгуулж эхэлсэн гэдэг мэдээлэл бий.

Тухайлбал өнгөрсөн онд тус улсын армийн цэргүүдэд туулай үржүүлэх даалгавар дээрээс өгсөн гэдэг. Мөн цагаан будааны устай талбайд нэг төрлийн загас үржүүлэх туршилтыг эхлүүлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалжууд мэдээлж байв.

Умард Солонгосын дэглэм цөмийн зэвсэг, баллистик пуужин бүтээх хөтөлбөр хэрэгжүүлснийхээ шийтгэлд 2006 оноос хойш НҮБ-ын эдийн засгийн хоригт ороод байгаа.

2020 оны эхээр дэгдсэн коронавирусийн цар тахал тус улсыг эдийн засгийн гол түнш Хятад улстай залгаа хилээ хаахад хүргэсэн нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм.

 

Эх сурвалж: Reuters