Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Баярмагнай: Даатгалын компаниуд замын камераар ослын баталгаажуулалт хийх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

ikon.mn
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ удаагийн дугаарын зочноор Даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Практикал Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярмагнайг урилаа. Түүнтэй Монголын даатгалын салбарын өнөөгийн байдлын талаар товч ярилцсан юм.

- Монголын даатгалын салбарын үүсэл хөгжлийн талаар товч танилцуулахгүй юу?

Даатгалын салбар анх Монгол улсад 1934 онд улсын хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цагаас эхлэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг ард иргэдэд үзүүлж эхэлсэн. Улмаар 1990 оны хувьчлалаар улсын даатгалын байгууллагыг хувьчилж өнөөгийн арилжааны даатгалын компаниуд үүсэж хөгжих суурь боломж нь бий болсон байдаг. Өнөөдрийн байдлаар энэ салбарт  ердийн даатгалын 15 компани, урт хугацааны 1 даатгалын компани, 2422 даатгалын төлөөлөгч, 56 даатгалын зуучлагч компаниудаар дамжуулан орон даяар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж иргэд, аж ахуйн нэгжийн эрсдэлийг даатган ажиллаж байна.

- Даатгалын салбар техник, технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж байна?

Сүүлийн жилүүдэд Covid-19 цар тахал гарсны улмаас манай зарим бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож хаалгаа барихад хүрсэн. Энэ үеэр даатгалын компаниуд харилцагч нартаа цахимаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадсан байдаг. Мөн цар тахлаас улбаалан цахим даатгалын үйлчилгээ өдрөөс өдөрт илүү хөгжиж, даатгуулахад илүү хялбар болж байна. Тухайлбал даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн материалыг онлайнаар хүлээн авч тухайн өдөрт нь шийдвэрлэн ажиллаж байна.

- Монголчуудын хамгийн их даатгуулдаг жолоочийн хариуцлагын даатгал дээр даатгуулагч цахимаар нөхөн төлбөрөө шийдвэрлүүлж чадаж байна уу?

Дээр дурдсан цахимаар шуурхай шийдвэрлэж байгаа процессууд бүх л даатгалын бүтээгдэхүүн дээр хэрэгжиж байгаа бөгөөд жолоочийн хариуцлагын даатгал ч үүнд хамаарна.

- Жолоочийн даатгалын хувьд ослыг баталгаажуулахын тулд замын цагдаагийн тодорхойлолт шаардаж байгаа юу? Энэ талаар иргэд их гомдоллодог.

2016 оноос эхлэн зам тээврийн ослын тоо буурч ирсэн ба үүний гол хөшүүрэг нь жолоочид зөрчлийн оноо тооцож эхэлсэнтэй холбоотой юм болов уу гэж боддог. Даатгуулагч ослын тохиолдлыг баталгаажуулахын тулд замын цагдаагийн тодорхойлолт заавал авч даатгалын компанид өгдөг байсан. Гэтэл замын цагдаагийн тодорхойлолт авах гэхээр зөрчлийн оноогоо хасуулах тохиолдол гарч улмаар иргэдэд бухимдал, чирэгдэл үүсгээд байсан тул тухайн үед даатгалын компаниуд болон төрийн байгууллагууд тохиролцоонд хүрч хүний амь нас эрсэдсэн, томоохон ослоос бусад тохиолдолд замын цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгож байхаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрээс улбаалан өнөөдөр даатгалын компаниуд жижиг хэмжээний осол, буруутай этгээд нь тодорхой тохиолдлууд дээр замын цагдаагийн тодорхойлолтгүйгээр нөхөн төлбөр олгодог болсон. Түрүүн хэлсэнчлэн нөхөн төлбөрийн материалаа замын түгжрэлд сааталгүй, цаг заваа хэмнэн онлайнаар бүрдүүлэн өгдөг хэвшил иргэдэд маань сууж эхлээд байна.

Мөн даатгалын компаниуд үйлчилгээний чанараа сайжруулж, замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын камеруудыг ашиглан ослын баталгаажуулалт хийх ажлыг хэрэгжүүлэхээр Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж байна. Энэ асуудал шийдэгдсэнээр даатгалын үйлчилгээ цаашид улам боловсронгуй болж даатгуулагчид өгөх үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна.

- Даатгалын компаниуд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг уу?  

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш даатгалын компаниуд тус бүрдээ зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр ажил зохион байгуулж гүйцэтгэж ирсэн байдаг. Тухайлбал зам тээврийн осол их гардаг уулзвар замууд, сургуулийн ойр орчмын замд ослоос урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлуудыг Замын цагдаагийн албатай хамтран зохион байгуулж гүйцэтгэсээр ирсэн. Мөн тухайн аймгийн замын цагдаагийн албатай хамтран орон нутгийн замын томоохон ослууд гардаг цэгүүд дээр ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан үзлэг хийж, анхааруулах самбар гэх мэт зүйлсийг байршуулан ажилладаг.

Харин жолооч нарт анхан шатны эмнэлгийн тусламжийн иж бүрдэл, ослын гурвалжин, хүүхдийн суудлын бүс, гялбаа бууруулах хэрэгсэл зэргийг урамшуулал болгон өгдөг бөгөөд эдгээр зүйлс нь зам тээврийн ослыг бууруулах, осол болсон үед яаралтай арга хэмжээ авахад чиглэгдэж байна.

- Жолоочийн даатгалаар жилд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгож байна?

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн анхны жилд олгож байсан нөхөн төлбөрийн хэмжээ 2020 онд 3,6 дахин нэмэгдэж жилд дунджаар 30,000 орчим нөхөн төлбөрийг даатгалын салбар даатгуулагчдадаа олгож байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд жилд 18 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч нарт олгож ажилладаг байна.

- Нэг даатгуулагч жилд дунджаар хэдэн төгрөгийн хураамж төлж даатгуулдаг вэ?

Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж B ангиллын машин 33,000₮-өөс эхэлдэг. Мөн тухайн даатгалын үнэ даатгуулагч бүр дээр харилцан адилгүй байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн үзүүлэлт, жолоочийн тоо, туршлага, нөхөн төлбөрийн түүхээс хамааран тодорхой итгэлцүүрээр даатгалын хураамж буюу үнийг тодорхойлдог. Хэрэв тухайн даатгуулагч нөхөн төлбөр авч байгаагүй бол хураамж нь багасна. Харин нөхөн төлбөр авч байсан бол хураамж нэмэгддэг зарчимтай. Үүнээс гадна газар зүйн байршлаасаа шалтгаалан орон нутагт энэ үнэ арай хямд байдаг. Учир нь хөдөлгөөний ачаалал болон эрсдэл арай бага байдаг тул.

Даатгуулагчид олгож буй дундаж нөхөн төлбөрийн хэмжээ даатгуулагчаас авч буй дээрх дундаж хураамжаас 12 дахин их буюу 620,000 төгрөг байдаг. Эндээс харахад даатгуулагчийн төлсөн хураамж дунджаар 12 дахин өсөж даатгуулагчид өгөөжөө өгдөг байна.     

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.