Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Шөнө хийсэн гүйцэтгэх ажлын зураг, бичлэг өглөө нь цацагддаг байдал засагдах уу?

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хуулийн төслийн 3.3.1-д “хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахад” энэ хууль үйлчлэхгүй гэж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ.

Би өөрийн үр хүүхэд, гэр бүлийнхний тухай мэдээлэл цуглуулах нь хамаагүй гэсэн үг үү. Хэрэв тийм бол хувь хүний нууцыг хадгалах асуудалтай хэрхэн уялдах вэ.

Мөн хуулийн төслийн 3.4-т “Гүйцэтгэх ажлын явцад мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулна” гэсэн байна. Яг өнөөдөр гүйцэтгэх ажлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа зүйл байхгүй шүү дээ.

Шөнийн 03:00 цагт хийсэн гүйцэтгэх ажлын зураг, бичлэг өглөөний 07:00 цагт цацагдаж байгаа. Хувь хүний, гүйцэтгэх ажлын нууц гэж байдаггүй. Хүний нэр хүнд гутаагдаад дуусдаг. Хүний хувийн нууцыг хамгаалах тухай хуулиар үүнийг л зохицуулах гэж байгаа биз дээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж, талбай, орон сууцанд тавьсан камерын бичлэг дэх хүний хувийн мэдээлэл алдагдвал яах вэ. Үүнийг хамгаалмаар байна. Жишээ нь, нэг иргэн гудамжаар амрагтайгаа алхаад явж байгаа бичлэгийг гаргаад тавьчихвал яах вэ. Энэ хувь хүний нууцад хамаарах асуудал шүү дээ.

Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын хэлтсийн дарга П.Сайнзориг: Хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаанд “хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулж болно” гэж байгаа.

Намтар бичих, ургийн бичих хөтлөх зэрэг шаардлагатай материал цуглуулахад бие биеэсээ зөвшөөрөл авдаг болчихвол тухайн харилцаа нэлээд хүндрэлтэй болж ирнэ. Тиймээс гэр бүлийн дотоод харилцаатай холбоотой, хамтран амьдарч байгаа хүмүүс бие биеийнхээ мэдээллийг цуглуулахдаа халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдахгүйгээр энэ үйл ажиллагааг хийхэд энэ хууль үйлчлэхгүй гэдэг байдлаар зохицуулсан.

Камерын бичлэгийн тухайд нэгэнт мэдээлэл цуглуулж байгаа бол хэний зөвшөөрлөөр, ямар зорилгоор, хэрхэн ашиглах вэ гэдэг нь энэ хуулиар зохицуулагдана.

Гүйцэтгэх ажлын явцад цуглуулсан мэдээлэл энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн тодотголыг боловсруулах ажлын хэсэг Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Гүйцэтгэх ажлын явцад цуглуулсан мэдээллийг хуулийн байгууллагууд ашигладаг. Сурталчилгаа хийгээд байгаа юм уу эсвэл үйл ажиллагаагаа зөвтгөх гэдэг юм уу мэдээ, материал гаргаж ирдэг. Тэгэхээр үүн дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авах гэж байна гэж ойлголоо.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал: Гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд Гүйцэтгэх ажлын тухай хуулиар олж авсан мэдээллийг мэдээлэл цуглуулагч буюу хариуцагч тал хариуцна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн мэдээлэл алдагдсан тохиолдолд цуглуулагч тал хариуцлага хүлээнэ.