Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтыг устгая: ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдье!” цахим хэлэлцүүлэг боллоо

ikon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), нийгмийн түншүүд хамтран хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд “Хөдөлмөрийн хүрээнд хүчирхийлэл, дарамтыг устгая: ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдье!” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Oнц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никейз, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

OУХБ-ын 190 дүгээр конвенц нь хөдөлмөрийн хүрээнд гарч болох бүх төрлийн хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг жендэрийн мэдрэмжтэй, цогц байдлаар шийдвэрлэх талаар тусгасан хамгийн анхны олон улсын гэрээ юм. Тус конвенцод Монгол Улс нэгдэн орсноор хүний эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхийг хамгаалж, ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудлыг бүхэлд нь зохицуулсан хууль, эрх зүйн орчин сайжрах юм.

“2021 оны 7-р сард батлагдаж 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөрийн хүрээнд  хүчирхийлэл, дарамт, бэлгийн дарамтыг хориглох, түүнээс урьдчилан сэргийлж, гомдол шийдвэрлэх тогтолцооны талаар тусгасан нь томоохон дэвшил болсон”-ыг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли онцолж, ОУХБ-аас Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “ОУХБ-ын 190 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох нь зүйтэй. Тус конвенцод Монгол Улс нэгдэн орсноор одоогийн эрх зүйн харилцаагаар зохицуулалтгүй орхигдсон ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдыг нөхөн сэргээх эрх зүйн орчин бүрдэнэ” гэв.

ОУХБ-ааc ХЭҮК-той хамтран хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх судалгааг төр, хувийн хэвшилд ажиллагсдын дунд хийж буй бөгөөд ОУХБ-ын 190 дүгээр конвенцын зүйл заалтыг үндэсний хууль тогтоомжтой харьцуулсан эрх зүйн дүн шинжилгээг давхар хийж байна.

Үүнээс гадна ОУХБ-ын “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдэх талаар олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ilo.org/C190 хаягаас аваарай.

Төслийн мэдээллийг Trade for Decent Work Project (ilo.org) хаягаас авна уу.