Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ганцэцэг: Энэ оны гуравдугаар улирлын байдлаар гэмт хэргийн улмаас 354 иргэний амь хохирсон

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд хийсэн дүн шинжилгээг өнөөдөр танилцууллаа.

Референт Э.Ганцэцэг "Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал

  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар,
  • хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар,
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин,
  • цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт 2 хэргээр 25 хувиар тус тус өссөн.

Харин зарим төрлийн гэмт хэргийн тоо буурлаа. Эдгээр нь

  • хүнийг алах гэмт хэрэг 53 хэргээр буюу 26.9 хувиар,
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1,047 хэргээр буюу 23.4 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 484 хэргээр буюу 35.6 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 105 хэргээр буюу 48.2 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 131 хэргээр буюу 38.3 хувиар,
  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 234 хэргээр буюу 29.4 хувиар,
  • залилах гэмт хэрэг 51 хэргээр буюу 8.2 хувиар
  • улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 25 хэргээр буюу 75.8 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан" гэлээ.
Түүнчлэн тэрбээр нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар "Гэмт хэргийн улмаас нийт 10,025 хүн хохирогчоор тогтоогдож, 331 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 19.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Мөн 354 хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирч, 4,925 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан" гэв. 

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 4,576 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1,234 хүн, хорих ялаар 1,855 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 482 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 34.9 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 23.1 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 35.1 хувиар тус тус буурсан байна.

Шүүхээс 2021 оны гуравдугаар улиралд 4,576 хүнийг нийт 6 тэрбум 800 сая 664 мянга 570 төгрөгийн торгох ял шийтгэсэн нь 633 сая 777 мянга 720 төгрөгөөр буюу 8.5 хувиар буурсан дүнтэй гарсан байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улиралд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 400 хүнээр буюу 28.2 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 99 хүнээр буюу 34.5 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 35 хүнээр буюу 25.2 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 113 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 3 хүн буюу 2.7 хувиар өссөн байна.

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 онд харьяаллын дагуу зөрчлийн 15,857 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 474 шийдвэрийг хянасан байна. 65 хуулийн этгээд, 3,969 хүнд торгох шийтгэл, 12,015 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 406 зөрчлийг хянан шийдвэрлэж 202 хэрэгт буюу 49.8 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 106 зөрчлийн хэрэгт буюу 26.2 хувьд нь өөрчлөлт оруулж, 98 хэрэгт буюу 24 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл