Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС “Сократус Стартап Студио”-той инновацын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд хамтран ажиллана

ikon.mn
2021 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

2021.10.13. МУИС болон “Сократус Студио” ХХК инновацийг хөгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон бусад хөтөлбөр, эрдэм шинжилгээний бага хурал, тэмцээнийг хамтран хэрэгжүүлэх, шаардлагатай нөөцийг хамтран бүрдүүлэх, инновацийг хөгжүүлэх замаар хэрэглэгчдэд хүртээмжтэй, үнэ цэнтэй шийдэл бүтээх зорилготой хувь хүн, байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, МУИС-ийн дэргэд байгуулагдаж буй гарааны компаниудыг дэмжих, оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх замаар сургалт үйлдвэрлэлийг уялдуулах, тодорхой шалгуурыг хангаж буй оюутнуудыг ажлын байраар хангах, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, Сократус Студио ХХК-ийн хөрөнгө оруулагч Гүнд Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Залуу Судлаагчдыг Дэмжих Сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан, “Сократус Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог,  Бизнес хөгжүүлэлт хариуцсан менежер М.Билгүүнзаяа нар оролцлоо.

 

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү:

МУИС нь бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх, улмаар дэлхийн хэмжээд эрэмбэлэгдэхүйц судалгааны их сургууль болон хөгжих зорилттойгоор ажиллаж байна. МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Мөн сүүлийн жилүүдэд гадаад болон дотоодын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг өргөжүүлэхэд анхаарахын зэрэгцээ өөрсдийн боломж нөөцдөө тулгуурлан, судалгааг дэмжих хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд инновацийн лаборатори, судалгааны багуудтай болж, стартап компаниуд МУИС-д байгуулагдаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, тогтвортойгоор үйл ажиллагааг нь явуулахад анхаарч, Сократус Стартап Студио-той хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэхүү хамтын ажиллагааг баталгаажуулах хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэн албан ёсоор хамтран ажиллах болсондоо баяртай байна. Цаашид тогтвортойгоор, тодорхой төлөвлөгөөтэйгөөр ажиллаж, урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

 

Гүнд Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Жаргалсайхан:

Бидний судалгаа, шинжилгээ явуулдаг гол арга, бусдаас ялгардаг зүйл маань системийн сэтгэлгээний арга юм. Энэ бол аливаа зүйлийг таньж мэдэхэд шаардлагатай цэгцтэй, цогц болгосон сэтгэлгээний хэв маяг. Бид системийн инженерчлэлд суурилсан судалгаа шинжилгээ хийх оюуны шийдлүүдийг боловсруулж дотооддоо хэрэглэж цаашлаад бусад байгууллага, нийгмийн зарим асуудалд хандсан судалгааг гүйцэтгэж байна. Аливаа бизнесийн санаа гарна гэдэг нэг хэрэг. Харин түүнийг бодитойгоор бизнес болгож, үнэ цэн бүтээнэ гэдэг амаргүй, төвөгтэй процесс байдаг. Иймээс бизнест системийн загварыг суурилуулбал ямар ч цар хүрээний бизнес бодитоор амжилттай урагшилж чадна. Ийм л үзэл баримтлал дээр "Сократус Старт-ап Студио"-г үүсгэн байгуулсан юм. Энэ компани маань ганцхан старт-ап буюу гарааны бизнесийг дэмжсэн биш инноваци, шинэ шийдлийг дэмжих зорилготойгоор ажлаа эхлүүлсэн. Одоо эргээд харахад гарааны бизнесийг бойжуулах, хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан компаниуд нь бүгд амжилттай ажиллаж байна.

Ер нь аливаа үнэ цэн мөнгөөр биш хүний сэтгэлгээгээр л бүтдэг юм байна. Бидний үзүүлж байгаа гол үйлчилгээ маань стартап компани эрхлэгч залуусын бодох, сэтгэх үйлдлийг нь цэгцтэй болгох, нэг зорилготой болгох, үйл ажиллагаагаа цэгцтэй удирдахад чиглэсэн шийдлүүдийг компанид нь суурилуулах, хамтдаа хэрэгжүүлэх юм. Нэмээд тухайн гарааны бизнесийг эхлүүлэхэд нэмэр болохуйц мөнгөн санхүүжилтийг бас олгодог. Монголынхоо тэргүүлэх сэхээтэнүүдийг төрүүлдэг эрдмийн уурхай болсон нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. МУИС, "Сократус Старт-ап Студио" хоёрын хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр байгууллагын үйл ажиллагааг дэмжих бус нийгэмд үнэ цэнтэй шийдэл бүтээх тал дээр амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

“Сократус Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог:

Бид үйл ажиллагаагаа эхлээд 3 жил болж байна. Бид ч бас энэ хугацаанд өөрсдөө бойжлоо. Хөтөлбөрт хамрагдсан компаниуд маань эхнээсээ үр дүнд хүрч, үнэ цэн бүтээж байгааг харах сайхан байна. Анх 20 мянган төгрөгөөр байгуулж байсан компани хэдэн тэрбумаар үнэлэгдэж дараагийн шатны хөрөнгө оруулалт татаад явж байгаа амжилттай жишээ байна. Энэ нь бидэнд гарааны бизнесийг бойжуулах хөтөлбөрийнхөө давуу талыг олон бизнест түгээх замаар харилцан үнэ цэнийг бүтээх итгэлийг бий болгож байгаа юм. Энэ ч утгаараа бид МУИС гэх том айлтай итгэлтэй, зоригтойгоор хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

Өмнө нь МУИС-ийн гарааны компаниудын боловсруулж буй шийдлүүдтэй танилцаж байсан. Яах ч аргагүй судалгааны том институци гэдэг утгаараа нарийн судалгаа, шинжилгээнд суурилан төслөө боловсруулж буйг хараад олзуурхаж байлаа. Бизнес хийхэд судалгаа, шинжилгээ нэг чухал хүчин зүйл, нөгөө талаас түүнийг тогтвортойгоор хэрэгжүүлэх систем болгох бас маш чухал. Тэгэхээр Сократус Старт-ап Студиод бизнесийг угсрах, төлөвшүүлэх системийн шийдэл нь байна. МУИС-д инновацийн бүтээгдэхүүн нь байна. Энэ хоёр давуу тал нийлбэл дэлхий стартапуудын энтэй юникорн компанийг бүтээж болно. Харилцан ойлголцож хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.