Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хаад, язгууртнууд ижил хүйстэнтэйгээ гэрлэх боломжтойг Нидерландын засгийн газар мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Нидерландын ерөнхий сайд Марк Рутте

Нидерланд улс нь дэлхийд анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг 2001 онд хуульчилж байжээ.

Гэхдээ энэ шийдвэр тус улсын хаан ширээг залгамжлах хүнд үйлчлэх боломжгүйг  2000 онд тухайн үеийн Нидерландын ерөнхий сайд мэдэгдэж байв. Хэрвээ угсаа залгамжлагчдын хэн нэг нь ижил хүйстэнтэйгээ гэрлэвэл хаан ширээнд залрах эрхгүй болохоор шийдвэрлэж байжээ.

Сүүлийн үед уг асуудал дахин сөхөгдөж, нийгэмд маргаан үүсгээд байгаа.

Өчигдөр Нидерландын ерөнхий сайд Марк Рутте тус улсын парламентад бичсэн захидалдаа “Хаан ширээг залгамжлагч нь ижил хүйстэнтэйгээ гэрлэх боломжтой гэж манай засгийн газар үзэж байна. Тиймээс угсаа залгамжлагч, эсвэл хаан ижил хүйстэнтэйгээ гэрлэвэл хаан ширээнээс огцруулах шаардлагагүй юм” гэж бичжээ.

Нидерландын хувьд хаан, хааны угсаа залгамжлагчийн гэрлэлтийг парламент нь баталдаг хуультай. Хэрвээ парламент гэрлэлтийг нь зөвшөөрөөгүй бол тухайн язгууртан хаан ширээг залгамжлах эрхээ хасуулдаг юм.

 
Нидерландын угсаа залгамжлах гүнж Катарина-Амалиа

Гэхдээ ерөнхий сайд Рутте язгууртнуудад ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн тохиолдолд дараагийн бас нэг шинэ асуудал үүсэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ нь ижил хүйстэн хосуудын хүүхдийг угсаа залгамжлагчид тооцох эсэх асуудал юм.

“Энэ бол онцгой тохиолдолд үүсэх асуудал тул яг одоо шийдэл хайх албагүй. Өнгөрснөө харвал бид гэр бүлийн хуулиа тухай бүрт нь өөрчилж, сайжруулсаар ирсэн түүхтэй” гэж Рутте захидалдаа бичжээ. Руттегийн санал дээр үндэслэн Нидерландын парламент уг асуудлыг эцэслэн шийднэ.

Одоо Нидерландын хаан ширээг залгамжлах хүн нь 17 настай гүнж Катарина-Амалиа юм.

 

Эх сурвалж: Reuters