Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

16:00 цагийн байдлаар нөхөн сонгуулийн ирц Хэнтий аймагт 20.8%, Сонгинохайрхан дүүрэгт 23.2%-тай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 16:00 цагийн байдлаарх ирцийг танилцуулав.

"Санал хураалт 50%-д хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах хэрэгтэй болно"

 
Гэрэл зургийг Mpa.mn

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “16:00 цагийн байдлаар УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 20.8 хувь нь буюу 10,641 иргэн саналаа өгөөд байна.

Харин УИХ-ын 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс 26,508 нь буюу 23.2 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцоод байна.

Нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул тухайн тойргийн сонгогчдыг хугацаандаа багтаж, саналаа өгөхийг уриалж байна.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбум төгрөгийн зардал баталж өгсөн бөгөөд аймаг, нийслэл, сум дүүрэг, хэсгийн 148 сонгуулийн хороодод төрийн 2,500 орчим албан хаагч иргэдийн саналыг өгүүлэхээр ажиллаж байна.

Тиймээс иргэд, сонгогчид 22:00 цагаас өмнө сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, төрд өөрсдийн төлөөлөх хүнийг сонгохыг дахин уриалъя.

Хэрэв санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах тул хүмүүсийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөний зардал гарна гэдгийг иргэд анхаарч үзнэ гэж найдаж байна” гэв.

"Залуусын саналаа өгөх идэвх муу байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ “СЕХ-нд одоогоор нам, эвсэл болон сонгуульд оролцож байгаа төлөөллүүдээс албан бичгээр ямар нэг санал, гомдол ирүүлээгүй байна.

Харин сонгуулийн санал авах байруудын дотоод зохион байгуулалттай холбоотой гомдлыг утсаар авч СЕХ шууд шийдвэрлэж байгаа.

Тухайлбал, хэсгийн хороод дээр ажиллаж байгаа мэдээллийн технологийн даамал нь санал тоолох төхөөрөмжтэй хэт ойрхон байрлаж байна гэсэн тохиолдлуудад бид тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч байна.

Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг, зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр цагдаагийн байгууллагаас тусгай ажлын хэсэг гаргасан бөгөөд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайн хоёр тойргийн сонгогчдыг саналаа өгөхийг уриалж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн хувьд 18-44 насны 72,000 гаруй сонгогч байгаа нь тус тойргийн нийт сонгогчдын 63 хувийг эзэлдэг. Гэвч ердөө 15.5 хувь нь саналаа өгчээ. Энэ нь маш багад тооцогдох үзүүлэлт.

Тиймээс залуус сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэв.