Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсад “Туслах сувилагч” мэргэжлээр үнэ төлбөргүй сурах хөтөлбөрт Б.Гүнжинлхам тэнцжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ХНХЯ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр үнэ төлбөргүй сурах тэтгэлэгт хөтөлбөрт Б.Гүнжинлхам тэнцэж батламжаа гардаж авсан байна. 

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ны дэргэдэх МЭТ агентлагтай хамтран Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Туслах сувилагч” мэргэжлээр тэтгэлэгт сургалтад сурахад Монгол дахь бүх шатны бэлтгэл, зуучлалыг үнэ төлбөргүй хийх хөтөлбөр зарласан юм. 

Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 34 оролцогч бүртгүүлэн, гурван шатны сонгон шалгаруулалтанд өрсөлдөн Батмөнх овогтой Гүнжинлхам шалгарчээ. 

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан түүнд батламж гардуулахдаа "Сурсан мэдсэн бүхнээ эх орныхоо нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт зориулж, түгээн дэлгэрүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Манай салбарт хүүхэд болон ахмадын асаргаа, сувилгааны газарт орон тоо нээлттэй бий. Мөн бидэнтэй хамтран, дэмжлэг үзүүлж ажилласан МЭТ агентлагийн хамт олонд талархаж, ажлын өндөр амжилт хүсье” гэв. 

Дээрх тэтгэлэгт хөтөлбөр нь монгол залуусыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн сурч боловсрох боломжоор ханган зуучлах, цаашилбал салбарын хүний нөөцийг чадвахжуулах зорилготой төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа билээ.

 

Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам