Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаа, дотоодын цэргийн онцлогийг харуулсан үзмэр бүхий "Сүлд" виртуал музей нээгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагын музейн дэргэд “Сүлд” виртуал музей байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлогтой. Мөн орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд орсон мэт биет бус үзмэрийг үзэх боломжтой юм.

Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангагдсан бөгөөд нэгэн зэрэг найман хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.

Нийт гурван хэсэгтэй “Сүлд” виртуал музей нь цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр болон албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн бусад үзмэрүүд багтах Танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тус виртуал музейн нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч, хурандаа Ц.Лхагвасүрэн, Монгол Цэргийн Музейн менежер, дэд хурандаа Л.Гантөмөр, Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Лхагва, Дотоод хэргийн их сургуулийн музейн эрхлэгч, ахмад Б.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ