Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жозеф Лий: Монголчууд дижитал орон зайд геополитик, эдийн засгийн хөгжлөөс үл хамааран дэлхийд нөлөөлөх бүрэн боломжтой

ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг ГЭРЭГЭ КИОСК-оор дамжуулж авч байна

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал Монголыг тойрсонгүй. Эрүүл мэндийн салбар хөгжиж, олон шинэ нээлтүүд гаран аюулт өвчнүүдийн эсрэг амжилттай эмчилгээнүүд шинээр нээгдэж байгаа ч энэ цаг үед коронавирусын эсрэг дэлхий нийтээрээ хүчин мөхөстөж байна.  Гэсэн ч Монголчууд технологийн шийдлийн ачаар шинжилгээний хариугаа хүндрэхээс өмнө мэдэж авч, эмчилгээ, оношилгоог эрт эхлүүлдэг болоод байна. Энэ бол ГЭРЭГЭ систем, тэдний хамт олны ач тус. Ковидын шинжилгээ өгөөд хариугаа  24 цагийн дотор авч буй нь олон улстай харьцуулахад цаг хугацаа хэмнэж байна. 2018 онд байгуулагдсан ГЭРЭГЭ  төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэж,  үйлдлийн болон төлбөрийн системийг монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсээр байна.

Энэхүү хамт олон мэдээллийн технологиор дамжуулан ард түмний амьдралыг хөнгөвчлөх шинэ соёлыг бүтээж, олон нийтийн оролцоотой, зөв засаглалтай, дэлхийд танигдсан компани болох зорилготой. Тэд олон улсын зах зээлд гарахад ойрхон байна. Учир нь, ГЭРЭГЭ ковидтой тэмцэх системийн дэд бүтэц, технологийн шийдлийг нэвтрүүлж, Apple болон Google-ИЙН гаргасан цар тахлын сэрэмжлүүлгийн системийг богино хугацаанд эх орондоо нэвтрүүлж, дэлхийн рекордыг эзэмшээд байна. Монгол Улсын технологийн салбарын түүчээ болсон компаниудын нэг “Гэрэгэ Системс”-ий олон улсын зах зээлд гарах бодлогын нэг хэсэг нь олон улсын компаниудтай хамтран ажиллах. Тус компанийн түншүүдийн нэг, БНСУ-ын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын банкер, Жозеф Лийтэй ярилцлаа.

Жозеф Лий нь БНСУ-д төрж, Австралид өссөн. Сиднэйн Хуулийн их сургуулийг Хуульч мэргэжлээр, Макерисийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр төгссөн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн юм. LG-ээс авхуулаад Өмнөд Солонгосын толгой компаниудын хамтарсан төслүүдэд хөрөнгө оруулалтын чиглэлээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд олон төслийн нэгдэн нийлэх, худалдан авах болон анхдагч зах зээлийн арилжааг удирдан ажиллаж байсан юм.

-Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Солонгос гаралтай, Австралийн технологийн бизнес эрхлэгч. Хөрөнгө оруулалтын банкнаас ажлын гараагаа эхэлж байсан. Ер нь хөрөнгө оруулалтын чиглэлээр тогтмол ажиллаж байгаа, ажиллаж буй чиглэлээсээ хамааран олон төрлийн салбарт ажиллаж үзсэн. Сүүлийн үед технологийн салбарт түлхүү ажиллаж байгаа, хэд хэдэн криптовалютын төслүүд дээр хууль болон эдийн засгийн чиглэлээр зөвлөгөө өгч, төслүүдийг дараагийн шатанд гарахад хувь нэмрээ оруулж байсан.

-Таныг Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаар болсон гэсэн. Ямар бизнест та хамтрах вэ?

-Би Монгол Улстай нэлээд хэдэн жилийн өмнөөс холбогдсон. Монголд уул уурхайн их тэсрэлтийн үед БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай уул уурхайн төсөлтэй холбоотой ажлаар анх ирж байсан. Тэрнээс хойш тогтмол ирж буцсаар 10 жил өнгөрсөн байна. Уул уурхайгаас гадна, эрчим хүч дэд бүтцийн чиглэлүүдээр мөн ажилладаг, яваандаа олон хүнтэй танилцаж нөхөрлөхийн хэрээр Монгол улсын олон нийтэд танигдаагүй өөр талыг олж харж эхэлсэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гарц, хамгийн том баялаг нь монгол хүн гэдэгт бүрэн итгэдэг.  Монголд технологийн салбарт ажиллах сонирхол маш их байсан, ингэж яваад Гэрэгэ системсийхэнтэй холбогдон хатран ажиллаж эхлээд байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсыг ч тойрсонгүй. Ковидын шинжилгээг Монгол Улс бүрэн цахимжуулсан нь гайхамшигтай. Учир нь, энэ шийдэл нь технологийн хүчтэй тоглогч гэж нэрлэгддэг БНСУ-аас ч илүү дэвшилттэй байсан гэдгийг онцолъё. Одоо ч ийм хэвээр байна. Монгол Улсын Евро-Ази дахь газар зүйн байршил, цахим торгоны зам болох боломжтой гэж би харж байна.

-Та өмнө нь ямар төслүүд дээр ажиллаж байв. Амжилттай хэрэгжиж байсан төслүүдээсээ хуваалцвал?

-Хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байхдаа Австралийн Үнэт цаасны бирж, Торонтогийн хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн салбарт IPO гаргах чиглэлээр мэргэшсэн. Мөн БНСУ-ын Засгийн газрын корпорацууд болон конгломератууд, гадаадад уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр багагүй хугацаанд ажилласан туршлагатай.

2018 оноос блокчэйн технологийг сонирхож, криптовалютын арилжаа хийж, ялангуяа Токены үнийн загвар, зах зээлийн судалгаа хийх, алгоритм боловсруулах чиглэлээр мэргэшин блокчейн төслүүдэд хууль эрх зүй, эдийн засгийн зөвлөгөө өгч, энэ салбар руу түлхүү ажиллаж эхэлсэн.

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? Эсвэл бизнес явуулах таатай орчин бүрдсэн байна уу?

-Төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн болон стратегийн түншлэл шаардлагатай. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад ямар улс орон бэ, ямар боломж байгаа вэ гэдгээ харуулах ёстой байх. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зөвхөн уул уурхай, эсвэл эко аялал жуулчлалын чиглэлээр хөгжинө гэх хэт баригдмал, загварчилсан ойлголтоосоо салах хэрэгтэй болов уу. Үүнээс илүү боломж байгаа гэдгийг бид мэднэ шүү дээ.

 

-Та яриандаа ковидын шинжилгээний хариуг цахимжуулсан талаар дурдлаа. ГЭРЭГЭ системийнхэнтэй та хамтрах юм уу? Тэдний давуу тал юу вэ. Цаашид хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-ГЭРЭГЭ систем бусдын анхаарлыг хурдан татах, маркетингийн үйл ажиллагаанаас илүү технологийн давуу байдал дээр төвлөрдөг. Богино хугацаанд хурдан мөнгө олоход бус урт хугацаанд өгөөж өгөх технологид хөрөнгө оруулалт хийж буй нь үнэхээр гайхалтай санагдсан. Бүх программ, код, хөгжүүлэлт нь эхнээсээ системтэй бичигдсэ. Криптовалют, финтек болон бусад холбогдох салбарууд зах зээл хөгжихийн хэрээр өсөлт, бууралт бий болно. Хүчирхэг технологийн баазтай компаниуд л энд удаан хугацаагаар оршин тогтнож, хөгжиж буй салбарын манлайлал үзүүлнэ. ГЭРЭГЭ-д ийм боломж байна гэж харсан.

-ГЭРЭГЭ-тэй ижил төрлийн бизнес та өөр улсад эрхэлдэг үү?

-Би одоогоор дижитал шилжилт, блокчейны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Азийн  тэргүүлэгч “Diiant” компанийн захирал, хувьцаа эзэмшигч. Бид токен дизайн, маркетинг, технологийн өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг.

-Олон улсын зах зээлд Монголын компаниуд гарах боломж хэр байгаа бол?

-Монгол далайд гарцгүй, хоёр том гүрний дунд байршсан орон. Харин дижитал орон зайд геополитик, эдийн засгийн хөгжлөөс үл хамааран дэлхийд нөлөөлөх бүрэн боломжтой.

ГЭРЭГЭ систем бол яах аргагүй иргэдийн цаг завыг хэмнэсэн технологийн шийдэл, монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн ажил байсан. Ийм ч учраас олон улсын тоглогчдын хараанд өртөж, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн байна.

Өдгөө Монгол Улсын хүн амын 80 хувь нь ГЭРЭГЭ системийг ашигладаг статистик мэдээлэл бий. Энэ хамт олон Гэрэгэ киоск болон Гэрэгэ аппликейшныг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн. Иргэд олон нийтэд үйлчилгээ авахад хамгийн их цаг хугацаа шаарддаг байсан төрийн болон хувийн хэвшлийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг ГЭРЭГЭ КИОСК-оор дамжуулж авч байна. Энэ нь зөвхөн 2021 оны эхний хагас жилд  иргэдийн 4500 цаг буюу 185 хоногийг хэмнэсэн үзүүлэлт юм. Хагас жил гаруй хугацаа шүү дээ. Мөн тус компани Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, ХӨСҮТ, Тагнуулын Ерөнхий Газар болон Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран ЭрүүлМН төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго нь шинжилгээг гараар бүртгэх процессыг хялбарчилж, иргэдийн шинжилгээний хариуг хурдан хугацаанд түгээх юм. Мөн шинжилгээний цэгт урт очер, эмх замбараагүй байдал үүсдэг байсныг “eruul.gov.mn” вэб хуудсаар дамжуулан шинжилгээний цагийг олгох систем нэмэлтээр хөгжүүлж, эмч болон иргэдэд тулгарч буй асуудлыг түргэн хугацаанд шийдсэн шийдэл юм.

Иргэд автомашины татвар төлөх үйлчилгээг хамгийн их авдаг. ГЭРЭГЭ системээр дамжуулж, энэ үйлчилгээг авахаас өмнө бид оношилгоо, дараа нь банканд мөнгө тушаахаар очерлодог байв. Өнөөдрийн байдлаар 160 гаруй ГЭРЭГЭ КИОСК-ыг 13 аймаг, 9 дүүрэгт зах зээлд нэвтрүүлэн иргэдийн цаг хугацааг хэмнээд байна. Одоо 21 аймаг, 330 сум иргэн бүрт үйлчилгээгээ хүргэх зорилттой. Энэ ажлыг гүйцэтгэхэд тодорхой цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч ГЭРЭГЭ-г сонирхож эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт татахын хэрээр Монгол руу орох валютын урсгал сайжирна, эдийн засгийн урсгал нэмэгдэнэ гээд олон давуу талтай юм.

-Ярилцсанд баярлалаа. 

instagram: Joseph Lee

facebook: Joseph Lee