Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

1950 оноос хойш Францын католик сүм хийдүүдэд 3,000 орчим гаж донтон ажиллаж байсныг тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд католик шашны лам хуврагуудын садар самуун явдалтай холбоотой дуулианууд хэвлэлээр цацагдаж эхэлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Франц улсын католик сүм хийдүүдийн захиргаа 2018 онд тусгай хороо байгуулж, хараат бус мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн юм. Хороо 2,500 хуудас шалгалтын тайлангаа маргааш буюу Мягмар гарагт олон нийтэд танилцуулахаар болжээ.

Харин өчигдөр тус хорооны дарга Жан Марк Сауве шалгалтын үр дүнгийн талаар Францын хэвлэлд ярилцлага өгөхдөө зарим тоон мэдээлэл өгсөн байна.

1950 оноос хойш Францын католик шашны сүм хийдүүдэд ажиллаж байсан 115,000 орчим лам хуврагийг шалгахад 2,900-3,200 орчим нь хүүхдийг садар самуунд уруу татагч, бэлгийн гаж донтнууд байсныг илрүүлжээ.

Сауве үүнийг хамгийн багаар тооцоолж гаргасан дүгнэлт гэж хэлсэн байна.

Үүнээс гадна мөрдөн шалгах хороо гэмт хэргийн чанартай 22 тохиолдлын баримтуудыг Францын прокурорын газарт шилжүүлжээ. Хариуцлага хүлээх чадваргүй, хэт өндөр настай болсон 40 гаруй этгээдийн мэдээллийг сүм хийдүүдийн захиргаанд өгсөн байна.

Эмч, түүхч, социологич зэрэг төрөл бүрийн мргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай хороо өнгөрсөн хоёр жил, хагасын хугацаанд 6,500 гаруй хохирогч, гэрчтэй холбогдож, мэдүүлэг авсан байна.

Лам хуврагуудын садар самуун явдалтай холбоотой дуулианыг Ромын католик шашны сүүлийн 500 жилийн хамгийн том хямрал гэж зарим судлаачид дүгнэдэг.

Энэ оны эхээр Ромын пап лам бэлгийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг садар самуунд уруу татах, хүүхдийн порнограф материал хадгалах, ийм төрлийн үйлдлүүдийг нуун дарагдуулахыг гэмт хэрэгт тооцох нэмэлт өөрчлөлтийг Католик сүм хийдийн хуулинд оруулсан юм.

 

Эх сурвалж: BBC