Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Урд, хойд хөршөөс өчигдөр хүлээн авсан 3,962 тонн АИ-92 шатахуун манай улсын гурав хоногийн хэрэглээг хангана

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд шилжиж байгааг мэдээлсэн. 

Энэ нь ОХУ-аас 1,212 тонн БНХАУ-аас 2,750 шатахуун хүлээн авч буйтай холбоотойг албаныхан мэдээлсэн. Өчигдөр Сүхбаатар өртөө, Замын-Үүд боомтоор хүлээн авсан 3,962 тонн АИ-92 шатахуун нь манай улсын нэг сарын хэрэглээний 10 орчим хувь юм. Өөрөөр хэлбэл урд, хойд хөршөөс өчигдөр татаж авсан шатахуунаар гурав хоногийн хэрэглээгээ хангах нь.

Түүнчлэн БНХАУ-аас хийх татан авалтын хоёр дахь ээлж болох АИ-92 автобензин ачсан 50 вагон  өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр 11:00-12:00 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17:00 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.

Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж байгаа ба ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх талаар Хятадын талын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ. БНХАУ-аас энэ сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8,250 тонн АИ-92 авто бензин импортоор орж ирэх юм байна.

Мөн  энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1,500 тонн АИ-92 авто бензиний үлдсэн 300 орчим тонн АИ-92 авто бензин ачсан таван вагон үйлдвэрээс ачигдан замд гарчээ.

Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9,750 орчим тонн АИ-92 авто бензин орж ирэх ба энэ  нь манай улсын АИ-92 авто бензиний ердийн найм хоногийн нөөц юм.