Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс “гадаадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахгүй” гэсэн амлалт өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганд үг хэлэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин цаашдаа Хятад улс гадаад улс орнуудад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулахгүй гэсэн амлалт өгсөн байна.

Тус улс “Бүс ба Зам санаачилга” дэд бүтцийн аварга төслийнхөө хүрээнд нүүрсний олон төсөл гадаад орнуудад хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Ши Жиньпиний энэхүү амлалт бодлогын том эргэлт болж байна.

Үүнээс гадна Хятад улс хөгжиж байгаа улс орнуудын ногоон эрчим хүчний төслүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэх амлалт авчээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Өнөөдрийн ерөнхий ассемблейн чуулганд дэлхийн хамгийн том хоёр гүрний удирдагчдын авсан чухал амлалтууд надад урам зориг өглөө. Ерөнхийлөгч Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд жил бүр $11.4 тэрбумыг зарцуулахаа амлалаа. Хятад улс нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулахаа зогсоож, үүнийгээ ногоон эрчим хүчний төслүүдэд зарцуулахаар болсныг ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдээд байна. Нийтээрээ нүүрснээс татгалзах нь Парисын гэрээнд тусгасан дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд барих зорилтод хүрэх нэг чухал алхам юм” гэж хэлжээ.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ерөнхий чуулганд үг хэлэхдээ хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хийг бууруулахад үзүүлдэг тусламжаа жилийн $5.7 тэрбумаас  $11 тэрбум болгон хоёр дахин өсгөх асуудлаар конгресстой хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.

Чуулганы эхэнд ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээгээ бууруулах, сэргээгдэх эрчим хүчинд шилжих үйл явцыг дэмжиж ажиллахыг дэлхийн бүх улс орнуудын удирдагчдад уриалсан байна.

2014-2020 оны хооронд Хятад улс “Бүс ба Зам санаачилга” төслийн хүрээнд нийтдээ $160 тэрбумыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байжээ.

Тус улс өөрөө дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд 2020 оны хэрэглээ нь бусад бүх улсуудынхыг нийлүүлснээс давсан байна.

 

Эх сурвалж: CNN