Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX түүхэнд анх удаа зөвхөн энгийн хүмүүсээс бүрдсэн багийг сансарт нисгэж байна

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Америкийн тэрбумтан Илон Маскийн байгуулсан SpaceX компани яг одоо ганц ч сансрын нисгэгч оролцоогүй багийг дэлхийн тойрог зам руу хөөргөх гэж байна.

Inspiration4 нэртэй энэ баг дөрвөн энгийн хүнээс бүрдэж байна. Тэд сүүлийн таван сарын турш бэлтгэл хийсний эцэст Улаанбаатарын цагаар 08:00 цагаас хойш Falcon 9 пуужинд суурилагдсан Crew Dragon хөлгөөр сансарт нисэх юм.

Цаг агаарын нөхцөл байдлыг ажиглаж байгаад хамгийн тохиромжтой нөхцөл бүрдэх үед хөөрөх ажээ.

Багийн гишүүдийн нэг нь тэрбумтан Жаред Айзакмэн энэ удаагийн аялалын зардлыг бүрэн дааж байгаа гэнэ. Тэрбээр дунд сургуулиасаа гарч, төлбөр тооцооны Shift4 компанийг байгуулж байсан хүн юм.

Тэр хэр хэмжээний мөнгө SpaceX компанид төлснөө хэлээгүй ч нийт зардал $200 саяд багтсаныг баталжээ.

Мөнгө төлсөн хүнийхээ хувьд Айзакмэн нислэгийн зам, траектор, зайг сонгосон байна. Нислэг гурван өдөр үргэлжилж, дэлхийн гадаргуудаас 570 орчим километрийн өндөрт хүрэх юм. Энэ нь 2009 оноос хойш хүн төрөлхтний хүрээгүй алсын зай болж байна.

Хамгийн сүүлд Hubble Space Telescope сансрын телескоп руу хүрэхдээ сансрын нисгэгчид ийм хол зам туулж байжээ.

Crew Dragon хөлөг энэ удаа дэлхийг тойрох ч Олон Улсын Сансрын Станцтай залгагдахгүй гэнэ.

Айзакмэн аялалдаа гурван хүнийг хамт нисэхийг урьсан юм байна. Тэдний нэг Хэйли Арсено нь Сэнт Жюдийн Хүүхдийн Эмнэлгийн ажилтан бөгөөд нислэгийн багт эмчийн үүрэг гүйцэтгэх ажээ. 

Тэрбээр хүүхэд байхдаа ясны хорт хавдраа Сэнт Жюдийн эмнэлэгт эмчлүүлж байсан гэнэ. 29 настай Арсено түүхэнд анхны протезтой (хөлөндөө) сансрын нисгэгч болж байгаагаас гадна Америкийн хамгийн залуу сансрын нисгэгч болж байна.

Багийн гишүүн Шан Проктор нь геологич бөгөөд NASA-гийн сургалтанд сууж, сансрын нисгэгчийн эрхтэй болсон ч нисэж үзээгүй, зөвхөн симулятор дээр дадлага хийж байжээ.

Тэр уралдаанд түрүүлснийхээ шагналд сансарт нисэх эрхтэй болсон байна.

Багийн үлдсэн гишүүн Крис Семброски нь АНУ-ын агаарын технологийн Lockheed Martin компанийн инженер бөгөөд нисэх боломжгүй болсон найзынхаа өмнөөс нисэх ажээ.

SpaceX компани өнгөрсөн онд анх удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэж байсан ба дараа нь хоёр удаа амжилттай нисгээд байгаа.

Харин энгийн хүмүүсээс бүрдсэн сансрын жуулчдыг анх удаа хөөргөх гэж байгаа нь энэ юм. Ирэх онд тус компани хоёр дах бүлэг жуулчдыг сансарт нисгэхээр төлөвлөжээ.

Энэ оны долдугаар сард Америк, Британийн тэрбумтнууд болох Жэф Безос, Ричард Брэнсон нар өөрсдийн зохион бүтээсэн хөлгөөр тус тусдаа сансарт ниссэн. 

Тэдний хөлгүүд агаар мандал, сансрын уудмын заагт хэдхэн минут саатаад буцсан юм.

Харин SpaceX компанийн нислэг сансрын уудмын гүнд удаан хугацаанд аялахаараа онцлог.

Inspiration4 багийнхан ирэх Бямба гарагийн орой, эсвэл Ням гарагийн шөнө дэлхийн агаар мандалд орж ирээд далайн усан дээр шүхрээр буух төлөвлөгөөтэй байна.

Нислэгийн шууд дамжуулалтыг дараах видео дүрснээс үзэх боломжтой.

Эх сурвалж: Business Insider