Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын хэмжээнд үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй 130,000 тээврийн хэрэгсэл байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороноос нийслэлд торгууль төлөөгүй татварын асуудалтай машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр хэчнээн автомашин хөдөлгөөн орох боломжгүй болохоор байгаа талаар бид тодрууллаа. 

Нийслэлийн хэмжээнд 652 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна. Тус тээврийн хэрэгслүүдийн 20 хувь нь буюу үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй 130,000 тээврийн хэрэгсэл байна. 

Тухайн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар өчигдөр Тээврийн цагдаагийн албатай хурал хийсэн. Энэ ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

341 мянган тээврийн хэрэгсэл татвар төлсөн

Нийслэлийн татварын албанаас автомашины татвар төлөлттэй холбоотой "Автомашины татварын орлого болох 32.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Үүнээс одоогоор 27.9 тэрбум буюу 85.7 хувь төвлөрөөд байна. Нийслэлийн 341 мянган тээврийн хэрэгсэл татвар төлсөн" гэсэн мэдээллийг өглөө. 

Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд Өршөөлийн хуульд хамруулахгүй талаар мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан торгууль төлөлтийн явцын талаар Тэээврийн цагдаагийн албанаас "Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иймд энэ хугацаанаас өнөөдрийг хүртэлх торгуулиа төлөх асуудал яригдаж байгаа. Өршөөлийн хуульд хамруулахтай холбоотой торгууль төлөлт хэрхэн сайжирсан талаарх нэгдсэн мэдээлэл гарах боломжгүй. Учир нь аймаг орон нутгийн авто замын сан руу тусдаа төвлөрдөг" гэлээ. 

Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журмын 4.1-д зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор шийтгэлийн хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй гэж заажээ. 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар 10-400 мянга хүртэлх төгрөгийн торгууль оногдуулдаг. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар жолоо барих эрхийг нь хасдаг. Хэрвээ эрхээ хасуулсан үедээ машин барих юм бол 30 хоногийн хугацаатай баривчилдаг байна.

Жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин баримталж, хуулийн дагуу авагдсан арга хэмжээ болох торгуулиа цаг тухайд нь төлөх нь иргэн бүрийн хариуцлага юм. 

Зураг
13 | 18 | 17 цаг