Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Стeрний ургамлын биологийн оршил” хэмээх номыг МУИС-ийн багш, эрдэмтэд орчуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ургамлын тухай цогц бүтээл болох "Стeрний ургамлын биологийн оршил” хэмээх номыг МУИС-ийн багш, эрдэмтэд орчуулжээ. 

Тус номын нээлт өнөөдөр МУИС-ийн хичээлийн тавдугаар байранд боллоо. 

“Стeрний ургамлын биологийн оршил” номыг ургамал судлах, заахад амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан доктор Кингсли Стерн (1927-2006) бичсэн юм. Тэрбээр 15,000 оюутанд хичээл зааж, мянга мянган оюутныг ургамал судлаачийн зам мөрд хөтөлсөн, дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэн аж.

Энэхүү номыг орчуулан хэвлэх эрхийг МУИС-ийн Хэвлэлийн газар McGrawHill хэвлэлийн газраас албан ёсоор авч, гэрээ байгуулсны үндсэнд ийнхүү тус сургуулийн Биологийн тэнхимийн багш нарын баг орчуулжээ. 

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан, мэргэжлийнхэн, ургамал сонирхогчид болон олон нийт уншиж судлах боломжтой энэхүү бүтээлд дэлхий даяарх ургамлын хэрэглээний тухай баялаг жишээ, мэдээллүүд багтсан байна. 

Номыг бүтээгчид мэргэжлийн нэр томъёо их хэрэглэхээс зайлсхийн, энгийн, ойлгомжтой бичвэрүүдийг оруулсан нь бүтээлийг алдаршуулахад ихээхэн нөлөөлснийг мөн онцлов. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр дэлхий дээр оршин буй амьдралд ургамал болон замаг амин чухал ач холбогдолтой. Тэд дэлхийг хүчилтөрөгч, мөн хоол хүнсээр хангаж, эко систем дэх ус болон бодисын эргэлтэд онцгой үүрэгтэй оролцож, биднийг хувцас хунар, орон байраар хангаж, хүрээлэн буй орчныг үзэмж төгс болгодог.

Манай нарны системээс бусад гариг дээр фотосинтезлэгч организм оршин байх аваас түүнээс хамааралтай амьдралын бусад хэлбэр байх боломжтой гэж эрдэмтэд хэлдэг. Иймд ургамал бол амьдралын эх үүсвэр юм.

Уншигчид номын хавтсыг сөхөөд л ургамлын олон зүйлийн зураг, тайлбар, ач тусын талаарх сонирхолтой бичвэрүүдийг харж, өөрийн эрхгүй эргүүлэн лавшруулж харах боломжтой бөгөөд биологийг зургаар ойлгуулах аж. 

Түүнчлэн ургамлын хэрэглээ, бохирдол ба дахин боловсруулалт, тасалгааны ургамал, хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт, хүчлийн бороо, генийн инженерчлэл, органик аж ахуйн асуудлууд гээд маш баялаг мэдээллийг авах боломжтой байна.