Хүчирхэг эмэгтэй бүрийн цаана алдаа, оноо нь амжилт бүтээлтэйгээ хамт л оршиж байдаг. Тэвчээр хатуужил, тууштай зан нь тэднийг их зүйлд хүргэж их ч амжилтыг атгуулдаг биз ээ. Гэхдээ хүчирхэг эмэгтэй гэж чухам ямар хүнийг хэлээд байна вэ? Гэвэл хэн нэгэн дарга биш, хэн нэгэн даргын эхнэр биш зүгээр л өөртөө итгэдэг, дотоод сэтгэлийн галаа өрдөж байдаг эмэгтэй юм. Ийм л бодлоор их замынхаа эхэнд яваа нэгэн хүчирхэг эмэгтэй Ч.Ариунжаргалтай танилцлаа. Түүнтэй цөөн хором ярилцахад нээрэн л дотоод сэтгэлийн галаа өрдмөөр, олон эмэгтэйг тийм хүчирхэг нэгэн болгомоор...
-Ч.Ариунжаргалын амьдралын замналыг товчхон дурдаад яриагаа эхлэх үү?
-Би хорооллын унаган хүүхэд. Нийслэлийн 96-р сургуулийг 1998 онд төгсөөд 2002 онд МУИС-ийн ЭЗС-ийг Бизнесийн удирдлагын менежерээр төгссөн. Удалгүй гэр бүлтэй болж Монголдоо хувийн бизнесээ эхлүүлээд ажиллах болсон л доо. 2004 онд худалдааны чиглэлээр “Аржма Мөнх” компанийг байгуулсан. Компанийн маань нэр Ариунжаргал гэдэг миний нэрний Арж, Ма гэдэг нь Мандах гэж миний нөхрийн нэр, Мөнх гэдэг нь миний том хүүгийн нэр байгаа юм. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарт орсон шалтгаан гэвэл өөрийнхөө карьерыг өсгөх, олон хүнтэй харилцах, илүү том бизнес хийх хүсэл сонирхолтой байсан. Ингээд 2016 онд манай хоёр найз надад санал тавьж нөхрийнхөө хамтаар “RE/MAX PARTNER” оффисыг анх нээж байлаа. Хамгийн анхны 5 оффисын 5 дахь салбар нь болж байсан түүхтэй.
-Амжилт нь өөрөө тэвчээр хатуужил, уналт босолт, хувийн зохион байгуулалт гээд олон зүйлээс бүтсэн байдаг. Энэ бүхнийг яаж өөрөө өөртөө бий болгож төлөвшиж өнөөдрийн өөрийгөө бүтээсэн гэж боддог вэ?
-Аливаа зүйлд тэр дундаа бизнесийн салбарт тууштай зан чанар л амжилтын гол үндэс нь байдаг. Дээрээс нь ажилдаа дурлах юм бол ямар ч бизнест амжилт олдог. Миний хувьд аливаа зүйлд үнэнч тууштай ханддаг чанар бий. Тэр зан чанар маань нөлөөлсөн байх. Унах ч үе байна, босох ч үе байна. Ер нь бизнес эрхлэх бүхий л цаг хугацаанд үргэлж ашиг олно гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар уналт ирдэг л зүйл. Үүний цаана гарах эцсийг нь үзэх хүсэл тэр зорилгодоо хүрэх том алсын хараандаа тулгуурлаж бид өнөөдрийг хүртэл үл хөдлөхийн салбар, худалдааны салбарт тууштай явж байгаа гэж боддог. Мөн гэр бүлээрээ нэг салбарт зүтгэх нь маш өгөөжтэй зөв алхам болсон.
-Хөл хорио бол олон бизнест хүнд сорилт байлаа. Танай салбар энэ сорилтыг хэрхэн даван туулав?
-Мэдээж, ковид аль аль бизнест нилээн хүнд цохилт болсон. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд хөл хорионд бизнесээ эхлүүлж явуулах шаардлага тулгарч байсан. Гэхдээ ажлаасаа хөндийрөөгүй. Онлайнаар байнгын уулзалт, хурал бас сургалтандаа хамрагдаад, агентуудтайгаа үйлчилгээгээ үзүүлээд явсан. Саяхан шинэ хүнтэй болсон, хүүгээ 3 сар хүргээд ажилдаа орсон. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн нэг сайхан нь бүтэн цагаар ажиллаад байх шаардлагагүй. Хүн өөрийн цагтаа зөв зохицуулалт хийгээд аль болох богино хугацаанд үр дүнтэй ажиллаж чадвал маш өгөөжтэй салбар. Заавал энд бүтэн цагаар сууж, үр ашиггүй цагийг өнгөрөөх шаардлагагүй.
-Ажиллахынхаа хажуугаар суралцах цагийг хэр гаргаж байна?
-АНУ-ын Лас Вегас хотод жил болгон дэлхийн 120 улсаас агент, реалторууд, брокер овнеруудын цуглардаг жил бүр томоохон хэмжээний хурал болдог. Тэнд олон сургалт хуралууд болдог. Нөхөр бид хоёр гурван удаа оролцсон. Миний хувьд Монголын хамгийн анхны Реалторуудын нэг, мөн Нью Йоркийн Реалторуудын холбооноос олдгодог олон улсын ҮХХ-ийн зах зээл дээр үл хөдлөх хөрөнгө борлуулах эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч CIPS зэрэгтэй, Үл хөдлөх хөрөнгийн магистрийн түвшний мэдлэг олгодог GRI зэрэг зэрэгтэй. Хүн ер нь олон хүнтэй харьцах тусам хөгжиж байдаг. Жишээ нь, би өнөөдөр өөрөөсөө илүү мэдлэгтэй хүнтэй уулзаж харилцаад бизнесээ явуулахад тэр хүнээсээ суралцаж байдаг. Заавал танхимаар сурна гэдэг ойлголт биш. Дэлхий дээр хэдий чинээ өндөр мэдлэг боловсролтой байна төдий чинээ өндөр борлуулалт хийдэг үзүүлэлт байгаа. Тухайн агентын, реалторын, брокер овнерын хууль эрх зүйн мэдлэг, харилцааны чадвар гээд хүнд хэрэгтэй олон мэдлэгийг хуримтлуулах тусмаа өндөр борлуулалттай ажиллах боломжтой болдог. Үүнтэй адилхан миний хувьд өдөр тутамд агентуудаа сургахыг хичээдэг, сургах ч шаардлагатай. Яагаад гэвэл агент маань амжилттай байвал би амжилттай байна. Бид хоёр нэг завин дээр суучихаж байгаа юм. Тэгэхээр би агентаа хөгжүүлэхийн тулд өөрийгөө хөгжүүлнэ, өөрийнхөө мэдлэгийг цэнэглэнэ, мэдээж ном уншдаг, өөрийн туршлага мэдлэгийг агентууддаа ментор нь болоод явж байна. Манай дотоодын программ болох MAXCENTER дээр RE/MAX University гээд аппликейшн байдаг. Тэндээс тодорхой хэмжээний мэдлэг мэдээллүүд сургалтууд, видео бичлэг байдаг. Тэндээс хэрэгтэй мэдээллүүдээ олж авна. Мөн үл хөдлөх хөрөнгийн удирдлагын академи гэж байгаа тэндээсээ олон улсын эрхтэй зэрэглэл олгодог сургалтууд тогтмол явагддаг, хүссэн сургалтандаа хамрагдах боломжтой.
-RE/MAX-ын салбар маш хурдацтай нэмэгдэж байна. Хэдийгээр нэг нэрний дор нэгдсэн ч гэсэн нэг нэгэнтэйгээ өрсөлдөх, ямар нэг зүйлээр үлгэр дуурайлал болж, шинийг санаачилдаг хандлага байна. Танай RE/MAX COLLECTION оффисын хувьд ч гэсэн онцлог байгаа байх, яагаад ийм нэр өгсөн бэ?
-2016 онд “RE/MAX PARTNER" оффисоо нөхрийнхөө хамт үүсгэн байгуулчихаад Las Vegas-т Collection гэж тусгай эрхтэй оффис байдгийг мэдэж авсан. Тухайн үед манай нөхөр брокер эзэмшигч, миний хувьд агент хийгээд ерөнхийдөө өндөр дүнтэй LUXURY үл хөдлөх хөрөнгө дээр ажилладаг байсан. Хагас жил хагас цагаар ажиллаад 350 агентаас эхний ТОП 10 продюссерын нэг болж байсан. Тансаг зэрэглэлийн Худалдан авагч нар илүү мэргэжлийн мэргэшсэн чадварлаг итгэлтэй агентаар үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Тэр сегментэнд зориулж “RE/MAX COLLECTION” оффисоо 2019-07-07-нд нээсэн. Коллекшн гэдэг нь олон улсаас олгосон тансаг зэрэглэлийг илэрхийлэх төгс илэрхийлэмж нэр юм. Манай оффисын нэр бол “LUXURY PROPERTIES”
Дэлхийн улс орнуудад 8500 брокер оффис байдаг бол манай улсад бараг 60 дахь нь оффисоо нээлээ. Дэлхий дээр 8500 оффисоос тусгай эрхтэй ердөө 44 ширхэг брокер оффис байдгийн нэг нь манай оффис.
-Тэгэхээр энд байгаа агентуудын хувьд ч гэсэн бусдаасаа ялгарах онцгой зүйлс байгаа байх. Ер нь ямар хүн амжилттай агент болох вэ?
-Бид 3 шалгуур тавьж ажилладаг. Нэгдүгээрт, мэдээж агентын бизнес гэдэг бол бие даасан бизнес эрхлэгч буюу энтерпрьенер байдлаар хамтын ажиллагаатай ажилладаг. Шинээр орж ирсэн агентууддаа коач хийн, ажиллах арга барил менежмент, тухайн хүний хувийн харилцаа хандлага гээд бүхнийг зааж сургадаг. Өөрөөр хэлбэл би агентдаа ментор хийгээд явна гэсэн үг. Хоёрдугаарт, бүтэн цагаар ажиллах боломжтой байх. Гэхдээ энэ нь өглөө 09:00-18:00 цаг хүртэл суу гэсэн үг биш. Ямар ч мэргэжил, боловсрол, нас, хүйс хамаарахгүй үл хөдлөхийн салбарт ажиллах сонирхолтой хүн бүрт манай хаалга нээлттэй ба хувийн бизнес хийх сонирхолтой өмнө нь хийж байсан хүмүүсийг шалгаруулж авдаг. Үнэхээр энэ бизнесийг хийгээд цаашид урт хугацаанд бизнесээ явуулах нууцлагдсан эрдэнийг бид хайж олдог гэсэн үг. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр цаашдаа тууштай ажиллах тэр хүнийг мэрэгшүүлж бэлддэг юм. Тэгэхээр манай оффисын агентуудын хувьд илүү мэргэжлийн мэргэшсэн чадварлаг ялангуяа өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хэлэлцээр хийж ямар ч захирлуудын өмнө очоод уулзалт товлох, хэлэлцээр хийх чадвартай агентуудыг бэлтгэдэг. Мөн бид энгийн агент, элит агент гэж хоёр зэрэглэлээр ажилладаг. Эхний ээлжинд мэдээж шууд өндөр зэрэглэл дээр ажиллахад бүтэлгүйтэх магадлалтай учраас энгийн буюу жижиг орон сууцанд ажиллаад туршлагажаад жилийн дараа элит агентын зэрэг рүү шилжих зэргээр бэлтгэгддэг. Хамгийн гол нь өөрөө чин хүсэл эрмэлзэлтэй тууштай зан чанартай байвал манай үүд хаалга нээлттэй.
-Сүүлийн үед бусдад мотиваци болгох үүднээс ч юм уу “Аливаад өлсгөлөн бай” гэх болж. Энэ бол сонсоход тийм тааламжтай биш байж болох боловч нөгөө талаараа зөв юм шиг. Таны хувьд энэ салбартаа олон жил ажилласан, олон хүнийг удирдаад явж байна. Өөрийн зорилго, амжилт, алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна?
-АНУ-ын реалторууд агентаа авч бэлтгэхдээ итгэл үнэмшлийг нь суулгаж өгдөг. Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь энгийн бизнес юм, үл хөдлөх хөрөнгийн бизгнес нь баян болгодог бизнес юм, зах зээл миний орлогыг тодорхойлохгүй гэдэг хамгийн эхний итгэл үнэмшлийг агентууддаа суулгаж өгөхийг зорьдог. Мөн үл хөдлөх хөрөнгийн бизнес нь урт удаан хугацаанд амжилт өгдөг бизнес. Тиймээс өнөө маргаашаа хараад богино хугацаанд мөнгө харж орж ирж байгаа хүмүүс бүтэлгүйтэх магадлалтай байдаг. Ялангуяа “өлсгөлөн бай, дайр, яваад бай” гэж заадаг, тийм байж болохгүй. Миний хувьд аливаа ажлыг урт удаан хугацаанд алсыг харж, том зурагаар нь харахыг хүсдэг. Агентууддаа ч тэгж зөвлөдөг. Ер нь ёс зүйтэй байдал урт удаан хугацаанд үнэ цэнээ, үр өгөөжөө өгдөг зүйл гэж итгэдэг. Ёс зүйд суралцсан агент харилцагчдаа маш их итгэлийг төрүүлнэ. Тэр итгэлээрээ бид нар ажлаа хийж байхад яваандаа тэр мөнгө гэдэг зүйл араас нь орж ирдэг юм. Ер нь тэгээд мөнгө гэдэг чинь тийм ч амар орж ирдэг зүйл биш. Хүнийг нилээн хөдөлмөрлүүлж хөлсийг нь дуслуулж зовоож байж орж ирсэн зүйл амттай байдаг.
-Салбартаа оффисынхоо нэрийг таниулахад анхаардаг уу?
-“LUXURY PROPERTIES” гэдэг нь манай оффисийн нэр, манай компаний нэр Рояал пропертиз ХХК. Тэгэхээр манай агентууд, ялангуяа миний төлөөлөл болж оффисынхоо нүүр царай нь болж ажиллах учраас агентуудаа LUXURY LIFE STYLE –ыг мэддэг, тэр харилцагчийн хэлээр нь ярьж мэдэрч чаддаг болтол нь бэлтгэдэг мөн тийм агентийг сонгохыг хичээдэг гэсэн үг.
Дэлхийд RE/MAX-ын 130.000 орчим агент 120 улсаас Дэлхийн ТОП 100 агентаа олог улсад шалгаруулдаг. Манай хоёр агент 2019, 2020 онуудад дэлхийн ТОП 100 агентад багтаж ТОП18, ТОП 37, ТОП 47-д жагссан хоёр агентаараа бахархдаг юм. Энэ нь манай агентын чанарыг илтгэж байгаа үзүүлэлт. Гэхдээ бид нар тооноос илүү чанарыг эрхэмлэдэг. Олон агент аваад л олон чанаргүй үйлчилгээ үзүүлж байхаар цөөхөн чанартай агент аваад чанартай үйлчилгээ л үзүүлье гэсэн зорилготой ажиллаж байгаа.
-Захирал гэхээр бусдаасаа илүү завтай чөлөөтэй ч юм шиг харах гээд байдаг. Өөрийн чинь нэг өдөр яаж өнгөрдөг юм бол?
-Яг үнэн, хүмүүс “Чи захирал, хувийн бизнестэй байж дуртай үедээ явж, дуртай үедээ унтдаггүй юм уу” гэдэг. Гэтэл эсрэгээрээ бүр илүү их хугацаанд ажиллаж илүү олон хүмүүсийн итгэлийг дааж илүү том хариуцлага үүрч явдаг учраас нэг цаг ч илүү унтах эрх байхгүй. Гэр бүл, хувийн амьдрал, ээжийнхээ үүргийг биелүүлнэ. Өглөө ажил дээрээ ирээд тухайн өдрийнхөө хуваарийн дагуу ажиллана. Ихэвчлэн хүмүүстэй уулзалт хийдэг. Уулзалтуудаа хийнэ, хурлаа хийнэ, агентуудтайгаа уулзана, зөвлөнө, сургалтаа хийнэ. Дэлхий дээр тусгай эрхтэй 44 оффисын нэг нь байна гэдэг өөрөө асар их өндөр шалгууртай. Тэгэхээр би ийм өндөр шалгууртай оффис нээсэн учраас энэ оффисоо, агентуудаа амжилтанд хүртэл өөрт байгаа бүхий л цаг хугацаа, нөөц бололцоогоо шавхаж дайчилж ажиллахаас өөр сонголт, эргэлт буцалт гэж байхгүй.
-Таныг салбартаа байр сууриа тодорхойлж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм гэж би харж байна. Харин таны хувьд хүчирхэг эмэгтэй гэж яг ямар эмэгтэйг хэлэх вэ?
- Хүчирхэг эмэгтэй гэдэг дотоод сэтгэлийн хүч, дотоод сэтгэлийн гоо сайхан байдлыг хэлнэ гэж би бодож байна. Хүн сэтгэлээр унаад бага зэрэг ядраад ирэхээр л гадаад төрх, нүдний гал цог унтардаг шүү дээ. Тэгэхээр хүний хүч нь сэтгэлдээ байдаг юм уу. Сэтгэл зүйн хүчтэй байдал юунаас нөлөөлдөг вэ гэхээр хамгийн түрүүнд хань ижил, үр хүүхэд, хамт олон. Тэгэхээр хүчтэй эмэгтэй гэж хүчтэй сэтгэл зүйтэй эмэгтэйг л хэлэх байх.
-Хувь хүний зүгээс амьдралдаа ямар зүйлийг хийж бүтээхийг боддог бол. Бусдад туслах, сайн сайханд уриалах ч юмуу өөрчлөлт оруулахыг хүсдэг зүйл бий юу?
- Хүн хөдөлмөрлөж байхад түүний араас мөнгө нь олддог шүү дээ. Тиймээс надад эд хөрөнгө мөнгөний хүсэл байхгүй. Харин ямар ч ээж хэлэх байх. Цэвэр агаартай, аюулгүй орчинд хүүхдүүд тоглодог, ямар нэгэн аюул осол байхгүй дэлхийн жишигт нийцсэн тохилог орчинтой ногоон байгууламжтай орон сууцны хотхонууд бий болоосой л гэж хүсэж байна. Миний хийж байгаа ажил ч энд чиглэгддэг. Агентууддаа заахдаа та нар энд мөнгө харж орж ирсэн байж болно. Хамгийн том зорилго бол улс орныхоо хөгжлийг битгий мартаарай. Та хүнд ямар нэгэн байдлаар байр зарах гэж байгаа бол тодорхой хэмжээнд тэр хүмүүстээ зориулсан аюулгүй орчныг бий болгоорой гэдэг тал дээр нь төсөл хэрэгжүүлэгч компани, харилцагчаа сургаарай гэж заадаг. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийн реалторууд гэдэг зөвхөн хоёр хүнийг зуучлаад мөнгө олдог биш улс орны тэр дундаа Монгол орныхоо хот төлөвлөлт гэдэг зүйл дээр асар том нөлөө үзүүлэхүйц мундаг мэргэжилтнүүд байгаасай гэж хүсдэг.
-RE/MAX-ынхан “Боломжоо нээ” гэдэг үгийг уриалга болгоод байна. Зөвхөн үл хөдлөхийн салбар ч биш ер нь л хүмүүсийг өөрийн гэсэн боломжийг олж хараарай, атгаж аваарай гэдэг мессежийг өгч байна. Таны хувьд боломжийг хэр атгаж чаддаг хүн юм. Боломжийн тухай яриад өндөрлөе.
-Хүн болгонд адилхан 24 цаг байдаг, хүн болгонд адилхан хоёр гар, хөл, нүд, чих байна. Тэр хүнд ямар ч боломж байж болно. Гагцхүү хүсэл тэмүүлэл байна уу?. Хүн өөрийнхөө хүсэл зорилгодоо үнэнч байх юм бол жижиг боломжоо асар том болгож өөрчилж чадна. Тэгэхээр хүн болгонд сайхан элбэг хангалуун амьдрах, үнэ цэнтэй амьдрах, ёс зүйтэй амьдрах тэр боломж байдаг юм шүү. Жишээ нь маш том уналтыг зүрхэндээ биш тархиндаа тусгаж авах хэрэгтэй. Энэ уналт надад юу өгөв, юу ойлгуулав гэж бодох хэрэгтэй. Бид нар АНУ-аас хөгжлөөрөө 200 жил хоцорсон, үл хөдлөхийн хөрөнгийн хууль ч байхгүй, энэ салбарын хөгжил 120 жилийн ард явж байна. Яагаад бид энэ олон улсын франчайзыг сонгосон бэ гэхээр энэ 120 жилийг товчилж суралцаж дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэж шүү дээ. Тэрнээс биш Монголд байгаа баялгийг гадаад руу урсгаад байгаа зүйл огт байхгүй. Энэ дээр тайлбар хиймээр санагддаг юм. Би өөрөө ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн бизнест орсондоо үргэлж сэтгэл хангалуун байдаг.” Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь хүнийг хөгжүүлдэг бизнес юм” гэж АНУ-ын агентуудад өгдөг итгэл үнэмшил байдаг. Энэ үгийг хэлээд ярилцлагаа өндөрлөе.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!