Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрвэл шинж тэмдгээс хамаарч гэр рүү нь буцаах, эсвэл эмнэлэг рүү шилжүүлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа цэцэрлэг, сургуульд “Ковид-19”-ийн тохиолдол илэрвэл хэрхэн ажиллах талаар зөвлөмж өглөө.

Тэрбээр "Цар тахлын үед эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой.

Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед эрүүл мэнд, боловсролын салбар болон аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эцэг эхчүүдийн хамтран ажиллах хэрэгтэй.

Халдварын тархалтаас хамааран энэ жил сургууль, цэцэрлэгийг бүтэн танхимаар болон цахимаар гэж хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, халдвар алаг цоог бүртгэгдсэн болон огт халдвар бүртгэгдээгүй аймаг, сумдад танхимаар бүрэн хичээллэх боломжтой. Харин хүн амын дунд халдвар голомтолж тархсан үед танхим болон цахим хэлбэрийг хослуулж 5/9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон.

Танхимаар хичээллэх үед сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрсэн эсвэл халдварын тохиолдол батлагдсан үед сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд  эрүүл мэндийн байгууллага хамтран батлагдсан заавар журмыг мөрдөж ажиллана.

Тухайлбал, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж гэр рүү нь буцаах, хүнд тохиолдолд эмчид мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай

Мөн өглөө бүр хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг дээрээ ирэхэд халууныг нь хэмжиж, ирцийн бүртгэл хийх байдлаар өдөр тутмын тандалтыг зохион байгуулах хэрэгтэй.

Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолой өвдсөн, суулгаж гүйлгэх шинж тэмдэг илэрсэн үед ангийн багш болон сургуулийн холбогдох шатны хүмүүст мэдэгдэж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх шаардлагатайг хэлье" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/MinistryofEdu/videos/888271848790121