Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг Исламын хуулийн хүрээнд хамгаалахаа амлав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Афганистаныг хяналтдаа оруулаад удаагүй байгаа Талибан хөдөлгөөнийхөн Мягмар гарагт анх удаа дотоод гадаадын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн хурал зохион байгуулжээ.

Талибаны засгийн газар “эмэгтэйчүүдийн эрхийг Исламын хуулийн хүрээнд хамгаална” гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Забихуллах Мужахид энэ үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Мөн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хараат бус ажиллах боломжийг хангахаа амласан байна. Гэхдээ сэтгүүлчид үндэсний үнэт зүйлсийн эсрэг ажиллахгүй байх ёстойг Мужахид сануулжээ.

Тэр бас өмнөх засгийн газарт болон гадаадын зэвсэгт хүчинд тусалж, хамтран ажиллаж байсан хүмүүсээс өшөө авахгүйгээ амалсан байна.

“Хэн ч танай хаалгыг тогшоод өмнө нь юу хийж байсныг байцаахгүй гэдгийг бид баталж байна” гэж Мужахид хэлсэн юм. Өчигдрийн хэвлэлийн хурлын өмнө Талибаны соёлын хорооны гишүүн Энамуллах Самангани хэвлэлд ярихдаа бас өмнөх засгийн газарт ажиллаж байсан хүмүүст өршөөл үзүүлж, эмэгтэйчүүдийг засаг захиргаанд ажиллуулахад анхаарал тавихаа амлажээ.

Талибан “эмэгтэйчүүдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцлийг бүрдүүлж, Исламын хуулийн хүрээнд, үндэсний соёлын үнэт зүйлсийг хүрээнд нийцүүлэн засаг захиргааны бүтцэд орж ажиллах боломжийг олгоход бэлэн байна” гэж Самангани ярьсан байна.

Тэрбээр ярилцлагаа Афганий нэгэн хувийн телевизийн студид эмэгтэй хөтлөгчтэй хийсэн нь Талибаны өмнөх дэглэмийн үед байж боломгүй үзэгдэлд тооцогдохоор байв. 

Гэсэн хэдий ч 90-ээд оны Талибаны дэглэмийг мартаагүй афганчууд айж болгоомжилсон хэвээр байна.

Мягмар гарагт нийслэл Кабулын гудамжаар зэвсэглэсэн Талибанчууд эргүүл хийж, иргэдийн ихэнх нь гэрээс гаралгүй нуугдаж байжээ.

Кабулын олон улсын нисэх буудалд эх орноосоо дүрвэх гэсэн олон мянган хүмүүс цуглараад байна.

Одоогоор энд Афганистанаас гадагшаа чиглэлийн бүх нислэг цуцлагдаж, зөвхөн АНУ-ын болон NATO-гийн цэрэг техникийг гаргахтай холбоотой тусгай нислэгүүд үйлдэгдэж байгаа.

Талибанчууд бүх талыг оролцуулсан засгийн газар байгуулж, энх амгалан байдлыг тогтоохоо амласан юм. Талибаны тэргүүлэх шинэ засгийн газар ямар бүтэцтэй, яаж ажиллах талаар яриа хэлэлцээ Кабулд үргэлжилж байна.

Уг яриа хэлэлцээнд Афганий өмнөх засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан, ерөнхийлөгч асан Хамид Карзай, үндэсний эвлэрлийн зөвлөлийг тэргүүлж байсан Абдуллах Абдуллах зэрэг хүмүүс оролцож байгаа гэнэ.

Талибаны дээд удирдагч Муллах Абдул Гани Барадар өчигдөр Катараас Кандагарт ирсэн нь яриа хэлэлцээ төгсгөлийн шатандаа орсныг харуулж байна. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн Ням гарагт эх орноосоо дүрвэж, одоогоор дэд ерөнхийлөгч Амруллах Салех үндсэн хуулийн дагуу үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Германы засгийн газар өчигдөр Афганистанд үзүүлэх хөгжлийн тусламжаа түдгэлзүүлж байгааг зарлажээ.

2021 онд тус улс Афганистаны засгийн газарт 250 сая еврогийн тусламж үзүүлэх байсан юм. Швед улсын эрх баригчид бас тусламжаа түдгэлзүүлэх төлөвтэй байгааг илэрхийлсэн бол Их Британийн засгийн газар эсрэгээрээ нэмэгдүүлэх талаар амлажээ.

Британийн гадаад хэргийн сайд Доминик Раб хүмүүнлэгийн тусламжаа 10 хувиар нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлсэн байна. Харин Афганистаны өмнөх засгийн газарт амлаад байсан батлан хамгаалах салбарын тусламжаа Талибаны засгийн газарт өгөхгүйг мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press