Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв нутагт тохиосон үерийн гамшгийн үеэр амиа алдсан хүний тоо 302-д хүрчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард төв Хятадын Хэнань мужид болсон үерийн гамшгийн үеэр амиа алдсан хүний тоо 302 болж нэмэгдсэнийг албаныхан өчигдөр зарлажээ.

Үүнээс гадна 50 хүн сураггүй болсон байна.

Пүрэв гарагийн байдлаар амиа алдсан хүний тоо 99 байсан бол ийнхүү хэдхэн өдрийн дараа бараг гурав дахин нэмэгджээ.

Үерт хүний амь эрсэдсэн тохиолдлуудын 292 нь Хэнань мужийн төв Зэньжоу хотод бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 39 нь барилгын суурийн давхар дахь машины зогсоолд, 6 нь метроны хонгилд амиа алджээ.

Долдугаар сарын сүүлээр Хэнань мужид урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний аадар бороо орсноор Шар мөрөн үерлэж, эргээсээ хальсан юм.

Мужийн төв Зэньжоу хотод гурван өдрийн хугацаанд 600 мм гаруй тунадас унасан нь хэвийн үед нэг жилийн турш ордог хур борооны хэмжээ байжээ.

Энэ удаагийн үерийн гамшиг 13 сая хүний амьдралд нөлөөлж, 9,000 орчим орон байрыг сүйтгэж, 53 тэрбум юаний хохирол учруулсныг Хятадын эрх баригчид мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian