Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болормаа: Хүний байгалиас заяасан мөн чанар хурууны хээ шиг дахин давтагдашгүй, өөр

Г.Номин, iKon.mn
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Форчунь 1,000 компанид талент хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг Betterup байгууллагад көүчөөр ажиллахын зэрэгцээ хувийн үйлчлүүлэгч нартаа сэтгэл засал, көүчинг, тархины фитнесс  үйлчилгээ үзүүлдэг, олон улсын зэрэгтэй көүч Б.Болормаатай сэтгэл зүй, хүний мөн чанар болон цар тахлын үед үүсээд буй сэтгэл зүйн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.

- Яриагаа көүчинг үйлчилгээ болон сэтгэл заслын ялгаанаас эхлэе гэж бодож байна. Зарим хүмүүс ижил төрлийн үйлчилгээ гэж ойлгоод байх шиг байдаг. Энэ тухайд?

- Көүчинг үйлчилгээ нь тухайн хүний байгалиас заяасан мөн чанар, давуу тал дээр тулгуурлан, өөрөөр нь гаргалаа гаргуулах замаар аз жаргалтай, амжилттай амьдрахад чиглүүлдэг ухаан. Хүний байгалиас заяасан мөн чанар хурууны хээ шиг дахин давтагдагүй, өөр тул бусадтай харьцуулж, өрсөлдөх шаардлагагүй гэдгээ мэддэг болно. Сэтгэлийн тэнцвэрээ олчихсон хүмүүст илүү тохиромжтой. 

Тухайн хүнд өнгөрсөнд ямар асуудал тулгарч байсан бэ, ялангуяа бага насандаа сэтгэлийн шарх авсан уу, багад нь тохиолдсон үйл явдлууд одоогийн таныг хойш татах шалтгаан болж байна уу үгүй юу гэдэг нь түлхүү сэтгэл заслын хүрээд хөндөгдөнө.

- Көүчинг үйлчилгээ ямар хүмүүст илүү тохиромжтой вэ?

- Көүчинг үйлчилгээг зөвхөн удирдлагын түвшний хүмүүс авдаг байсан үе саяхан. Сүүлийн жилүүдэд хүмүүс энэ үйлчилгээг таньж мэдэх, сонирхох, авах нь эрс нэмэгдсэн. Зааны сүүлийг барьчихаад "заан бол сүүл юм аа" гэж зүтгээд байх нь бий. Тэгвэл көүчтэй  ажилласнаар зааныг бүтнээр нь харах чадамжаа буюу бодит байдлыг ялган таних чадамжаа дээшлүүлдэг. Цаашлаад тухайн хүнийг байгалиас заяасан мөн чанар, давуу тал  дээр нь тулгуурлан хөгжүүлж, амжилтаа ахиулах боломжийг бүрдүүлж өгдөг юм. 

 

- Та одоо Канад улсад ажиллаж амьдардаг. Канад улсаас көүчинг үйлчилгээнээс гадна сэтгэл заслын үйлчилгээг Монголчууддаа үзүүлж байгаа юу?

- Монгол үйлчлүүлэгч нартаа Канад улсаас онлайнаар үйлчилгээ үзүүлж байгаа. Дийлэнх үйлчлүүлэгч нар маань гадаадад оршин суугаа Монголчууд. Миний хувьд Английн сэтгэл засалч Марис Пийр 30 жилийн ажлын туршлага, тархи судлал, эерэг сэтгэл зүй, сэтгэл судлал, хипнотерапид тулгуурлан боловсруулсан Rapid Transformational Therapy (RTT) гэх сэтгэл заслын аргаар сэтгэл заслаа хийдэг.  Ингэхдээ тухайн хүний суурь итгэл үнэмшил буюу өнгөрсөнд болсон таагүй үйл явдлуудад өгсөн утга учрыг нь өөрчилдөг.  Нэг удаагийн сэтгэл заслаар суудлын суурь шалтгаанаа нээн илрүүлэн, өөрчлөлтийг мэдэрнэ. Нуруу, толгой нь олон жил өвддөг байсан, паникт ороод хоолой нь боогддог, айж тэвдээд гэрээсээ ч гарч чадахаа больсон, сэтгэл түгшилттэй, сэтгэл гутралтай, харилцааны асуудалтай хүмүүс асуудлаа шийдсэн түүх олон бий. 

Амьдралаа өөрчлөхийг хүсвэл итгэл үнэмшлээ өөрчил. Өөрийн тухай бодол, итгэл үнэмшил өөрчлөгдмөгц хүний биеийн эд эс ч даган өөрчлөгддөг гэж нэрт шинжлэх ухаанч, биологич Брус Лифтон хэлсэн байдаг. 

Бусдаас бүрэн хамааралтай, хүүхэд байхдаа, ялангуяа, 8 наснаас өмнө тогтсон итгэл үнэмшил, үзэл хандлага хүний амьдралд нь хүчтэй нөлөөлдөг. Хүүхдийн амьд үлдэх эсэх нь ээж, ааваас бүрэн хамааралтай учир хүүхэд тэднийг төгс гэж боддог. Тухайлбал, аав, ээж үргэлж хоорондоо маргалддаг, муудалцдаг бол "Энэ бүхэн надаас боллоо. Би муу учраас эсвэл би буруутай учраас аав ээж маань муудалцаж байна” гэж ойлгох нь бий.  Бага насандаа “муу хүүхэд, хангалттай сайн биш, ээж, аавын асуудалд би л буруутай, гэмтэй” гэж итгэх нь хувь хүний үнэ цэнэ, өөртөө итгэх итгэлд сэв суулгана.  

Аав, ээж тохиолдож буй бүх зүйл хүүхдэд тохиолдож байдаг гэж Канадын эмч Габор Матегийн хэлсэн байдаг. 

Ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшлийг нүдний шилний өнгөтэй зүйрлэвэл зүрх сэтгэл нь шархалсан, үнэ цэнэд сэв суусан хүүхэд хар өнгийн нүдний шил зүүчихлээ гэсэн үг. Хар нүдний шил зүүчихсэн хүнд бүх юм хар л харагдана. Хэт сөрөг үзэл, хандлагатай байгаагийн цаана ийнхүү бага насандаа олж авсан андуу итгэл үнэмшил байдаг. Хүүхэд байхдаа олж авсан итгэл үнэмшил, үзэл хандлагаараа насанд хүрсэн амьдралаа удирдаж байна гэсэн үг шүү дээ. 

Үйлчлүүлэгч нартаа нүдний шилний өнгөө буюу итгэл үнэмшлээ RTT сэтгэл заслын тусламжтай өөрчилсний дараа дэлхий лидерүүдийн ашигладаг тархиныхаа мэргэн ухааны төвийг идэвхжүүлэх тархины фитнесс хөтөлбөрийг санал болгодог. Эцэст нь, сурсан бүхнээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэн, биеэрээ боловсрол болгон гаргахад көүчинг уулзалтууд ихээхэн өгөөжтэй. 

Суурь ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил хэт андуу байгаа цагт көүчинг үйлчилгээ шууд авах нь хий нь гарсан дугуйтай машинаар замд гарахтай л адил. 

“Хүүхдэдээ шийдвэр гаргах, алдах эрхийг нь олго”

- Сэтгэлийн шархтай өссөн бол насанд хүрсэн хойно амьдралын хэвшилд нөлөөлдөг байх нь?

 

- Тийм ээ, байнга уурлаж, бухимдаад сэтгэл зүйн гацаанд ороод, тууштай байж чадахгүй байгаа бол багадаа авсан сэтгэлийн шархтай байгаагийн шинж тэмдэг юм. Сэтгэлийн шарх ихтэй, дэмжлэг авах хэрэгтэй гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шинж тэмдэг бий. Тухайлбал, Анхаарал төвлөрөхгүй байх, тууштай байж чадахгүй, шийдвэр гаргах чадваргүй байх, хэт анализ хийж бодох, бие, сэтгэлээ анзаардаггүй, мэдрэмжээ нуух, үгүйсгэх, аливаад донтох, бусдад итгэхгүй байх гэх мэт. Сэтгэл шархтай эсэхээ тодорхойлохын тулд энэ асуулгыг бөглөж болно. 

- Хүүхэд насанд тохиолдсон үйл явдал хүний сэтгэл зүйд их нөлөөтэй юм байна. Тэгвэл шилжилтийн насны хүүхдүүдийн сэтгэл зүйн талаар ярилцъя.

- Шилжилтийн насны хүүхдийн оюунлаг тархи нь бүрэн төлжиж дуусаагүйтэй холбоотойгоор, гормоны өөрчлөлтөөс үүдэн сэтгэлийн тэнцвэргүй байдалд автах нь бий. Энэ бол нь байгалийн жам ёсны дагуу явж буй үйл явц. 

Ээж, ааваас бүрэн хамааралтай хүүхэд насаа орхиод, бие даасан үе рүү шилжих гэж байгаа энэ насанд нь бие даахад нь дэмжлэг үзүүлэх нь асар чухал. Гэтэл Ази эцэг эхчүүд хүүхдээ хэт их хамгаалдаг. Үүний цаана айдас, итгэлгүй байдал бий. Хэт их хамгаалаад, өөрийнхөөрөө байлгах гэж тэмцэлдэх нь хүүхдийн бие даах үйл явцыг хойш татаж, айдас түгшүүр, өөртөө болон ирээдүйдээ итгэлгүй байдлыг төлөвшүүлэх нь бий.  

Сургамж хүний дотоод үнэт зүйлсийг тодотгодог.

- Эцэг эхчүүд шилжилтийн насны хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллах вэ?

- Хүүхэд тань өөрөө шийдвэр гаргаад, алдаж оноод амьдралаас сургамж аваг л дээ. Алдаа гэж байхгүй сургамж л гэж байдаг. Сургамж хүний дотоод үнэт зүйлсийг тодотгодог.  Хүн өөрөө шийдвэр гаргаад, алдаад, түүнээсээ суралцсан тохиолдолд хариуцлага хүлээж сурдаг. Тиймээс хариуцлагатай, тогтвортой хүн болгохын тулд шийдвэр гаргах, алдах эрхийг нь өөрт нь олго. Хамгийн гол нь хүүхдэдээ “сайн сайхан, аз жаргалтай амьдарна гэдэгт чинь итгэдэг” гэж хэлж, ойлгуулах хэрэгтэй. Ээж, аав нь итгэхгүй байхад өөр  хэн өөрт нь итгэнэ гэж хүлээх билээ. Хянаж удирдах гэхийн оронд хүлээцтэй хандаж, үнэт зүйлсээр нь зал. Хүлээн зөвшөөрөл, нөхцөл болзолгүй хайрыг мэдрүүл. 

- Сэтгэлийн шархтай байх нь бие махбод, өдөр тутмын хэвшилд хэрхэн нөлөөлөх вэ?

- Өнгөрсөнд тохиолдсон үйл явдал биднийг хойш нь татдаггүй. Харин түүнд өгсөн утга учир биднийг хойш нь татдаг гэдэг үг байдаг.  Энэ утга учрыг итгэл үнэмшил гэх бөгөөд далд ухамсарт бичигдсэн байдаг тул ил ухамсраараа анзаарч таних хэцүү. 

Бидний өдөр тутмын амьдралын 95 хувийг далд ухамсар удирддаг.  Сэтгэлийн шархтай, үнэ цэнэд нь сэв суусан хүн зөвхөн оюун санаандаа буюу далд ухамсарт бичигдсэн андуу итгэл үнэмшилдээ итгэдэг болчихдог. 

Оюун санааны үүрэг таныг энэ дэлхийд аль болох урт удаан хугацаанд амьд байлгах бөгөөд секундэд 5 удаа орчноо хянаж амиа хамгаалах, аюулаас сэргийлэх биологийн механизм ажиллаж байдаг. Ингээд амар тайван байдал алдагдаж, хаана ямар болохгүй, бүтэхгүй зүйл байна тэр бүгдийг олж хараад байна. Байнгын айдастай байгаа ийм үед сөрөг сэтгэл хөдлөлд автана. 

Улмаар бусдаас, нийгмээс өө хайх, өөрийгөө шүүмжлэх, өөрөөсөө ичих үйл явц явагддаг. Үүнийг манай нийгэм улам өөгшүүлж байгаа юм шиг санагддаг. Хүүхдээ бусадтай харьцуулж, нэг нэгнээ  "Ичих нүүргүй амьтан" гэж ирээд, зэмлэж байгаа харагддаг. Ичгүүр, зэмлэл нь ухамсрын хамгийн доод төвшний сэтгэл хөдлөл. 

Биеийн бүхий л өвчлөлийн цаана сэтгэлийн асуудал бий. Анагаах ухаанд одоогоор биеийг сэтгэл, оюунаас нь салгаж эмчилж байгаа учраас энэ тухай мэдлэг тааруу хэвээр байна. Ялангуяа, зүрх, бөөр, толгой өвдөх, даралт ихсэх, нойр булчирхайтай болох, нойргүйдэх нь сэтгэлийн шархтай байгааг илтгэнэ.

- Сэтгэлийн шархтай байж болох шинж тэмдгүүд илэрч байгаа бол сэтгэл засалчид хандах ёстой юу, заавал сэтгэл засал хийлгэх үү, өөрөө түүнийгээ эмчлэх боломжтой юу?

- Дээр дурдсан шинж тэмдэг илэрч байгаа бол шууд көүч хандах нь өрөөсгөл. Көүч зөвлөгөө өгөлгүй, өөрөөр нь гаргалаа гарах гэдэг тул хана мөргөөд байдаг. Эхлээд сэтгэл засалч, сэтгэл зүйчтэй ажиллах хэрэгтэй. Бие өвдөхөд эмчид ханддаг хэрнээ сэтгэл өвдөхөд нуун дарагдуулж буглуулаад байдаг нь манай нийгэмд тогтсон туйлын өрөөсгөл хандлага гэж боддог. Гэтэл бие, сэтгэл, оюун санаа нэг. 

Би Австралид сурч байгаад эх орондоо очиж хэсэг ажиллаад одоо Канад улсад ажиллаж амьдарч байгаа. Энэ хугацаанд юу ажигласан бэ гэхээр манайхан сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандана гэхээр маш хүнд утгаар хүлээж авдаг. Бусдын зүгээс “Чи яачихсан юм, хүнд өвчтэй юм уу, ямар арчаагүй болохоороо бусдаас дэмжлэг авах гээд байгаа юм” гэх мэт хандлага илрэх нь түгээмэл.

Гэтэл баруунд сэтгэл зүйн дэмжлэгийг авах нь хэвийн зүйл болчихсон. Бие өвдөхөд эмчид шууд л ханддаг шиг. Сэтгэл зүйн дэмжлэг авч байгаагаа гэр бүл, найз нөхдөдөө хэлбэл дэмжиж хүлээн авдаг, бүр бахархдаг.  

Түүнчлэн бэрхшээлийг боломж болгон хувиргах чадамжаа буюу тархиныхаа мэргэн ухааны булчинг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний хүрээнд би Станфордын их сургуулийн профессор Ширзад Чамины боловсруулсан, дэлхийн лидерүүдийн тархины фитнесс (mental fitness) буюу эерэг сэтгэл хөдлөлийн ухаан (positive Intelligence) гэсэн хөтөлбөр санал болгодог. Юм юманд зовж, шаналан, бие, сэтгэлийн тэнхээгээ алдаад байхаа больчихдог. Анхаарал төвлөрөлт, бүтээмж, харилцааны чадамж, мотиваци эрс дээшилнэ. Өндөр гүйцэтгэл, эерэг соёлтой байхыг эрмэлздэг байгууллагуудад нэн тохиромжтой тул авч хэрэгжүүлдэг байгууллагын тоо өдрөөс өдөр нэмэгдсээр байна. 

"Эерэг сэтгэл хөдлөлийн төвийг идэвхжүүлэхийн тулд тогтмол тархины дасгал хийх хэрэгтэй"

- Фитнесс гэхээр тогтмол хийх ёстой зүйл гэж ойлгогдож байна. Энэ талаар дэлгэрүүлж ярилцацгаая?

- Хүн амьд үлдэх инстинктдээ хөтлөгдөн өсөн торних явцдаа тархины сөрөг сэтгэл хөдлөлийн төвөө булчин шөрмөс нь зангирсан хүн шиг хүчтэй болгочихдог. Эерэг сэтгэл хөдлөлийн төвийг идэвхжүүлэхгүй болохоор булчин шөрмөсгүй, хүчгүй хүн шиг болох нь. Асуудал тохиолдоход мэргэн ухаанаар шийдэж чадахгүй, гацаанд ороод байгаа шалтгаан нь эерэг сэтгэл хөдлөлийн, мэргэн ухааны төв сулбагар байна гэсэн үг. Булчингаа хөгжүүлэхийн тулд байнга дасгал хийдэг шиг энэхүү булчинг хөгжүүлэхийн тулд тогтмол давтамжтай дасгал хийнэ. 

Тархины фитнесст хүн өөрийгөө 10 талаар хойш татах бөгөөд 3 арга барилаар энэ бүхнийг даван туулах боломжтой гэж заадаг. Энэ тухай хичээл манай “Тархины фитнесс Болормаа көүч” гэсэн Фэйсбүүк группт бий.  Энэ гурван аргад оюун бодлоо коммандлах, мэргэн ухааны төвөө идэвхжүүлэх, хойш татагч хүчин зүйлсийн хүчийг сулруулах тархины фитнессийн дасгалууд багтдаг. 

 

- Көүчинг үйлчилгээний тухай яриа руугаа эргэн оръё. Көүчинг үйлчилгээ авдаг барууны болон Монгол үйлчлүүлэгч нарт ялгаатай тал ажиглагддаг уу?

- Барууныханд көүчинг үйлчилгээ шинэ ойлголт биш. Энд үйлчлүүлэгчид олон төрлийн аргаар бие, сэтгэл, оюуны асуудлаа шийдчихээд көүчинг үйлчилгээ авахаар ирдэг. Тиймээс үйлчилгээний үр дүн хурдан гарна. Монгол хүн харин гарах гарцгүй болсон хойноо л мэргэжлийн хүнд хандах нь элбэг байдаг тул сэтгэл заслаар суурь шалтгааныг нээн илрүүлж, дэмжлэг үзүүлсний дараа көүчинг үйлчилгээ үзүүлэх нь үр дүнтэй байдаг. 

- Көүчинг үйлчилгээ ер нь дунджаар ямар хугацаанд үргэлжилдэг вэ?

- Хугацааны хувьд янз бүр байна. Байгууллага удирддаг, алсын хараагаа олсон хүн тогтмол энэ үйлчилгээг аваад явахыг хүсдэг. Эхэн үед долоо хоногт нэг удаа ч юм уу давтамж нь ойрхон байдаг бол яваандаа 14 хоног нэг, сард нэг гэх мэтээр уулзалт хийгээд яваад байдаг. 

Анх сэтгэл засал хийхгүйгээр көүчинг хийдэг байх үед нэг хүнтэй зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар ажиллаж байж, үр дүн гарч эхэлдэг байсан. Одоо бол нэг сэтгэл заслаар суурь шалтгаанаа олоод гацаанаас гарч эхэлдэг. Нэмэлтээр көүчинг үйлчилгээ, тархины фитнесс хийгээд, улам чадамжаа нээдэг. 

- Сэтгэл зүйн тухай яриа өрнүүлснийх цар тахал, хөл хорио хүмүүст янз бүрээр нөлөөлж байна. Хүндрэл их гарч байгаа талаар олон улсын судалгаанууд ч бий. Эдгээрийг хэрхэн даван туулах вэ?

- Дэлхий даяар сэтгэл зүйн хямралд өртөж, цар тахлын дараа ч үргэлжлэх, нэмэгдэх талаар судалгааны үр дүнгүүд танилцуулагдаж байна. 

Хүн нийгмийн амьтан учраас харилцаа хязгаарлагдахад хямрах нь зүйн хэрэг. Ажил дээрээ очиж нийгэмд харьяалагдах хэрэгцээгээ хангах гэтэл гэртээ байнга байх болчихдог. Биеэрээ хязгаарлагдахад ялгаагүй сэтгэлээрээ хязгаарлагдаж буй мэт мэдрэмж төрнө. Мөн цар тахлыг дагаад айдас, санаа зовнил нөмөрч байна. Айгаад байгаа учраас сөрөг сэтгэл хөдлөлд автана. Ийм байдалтай хэт удаан явах нь сэтгэл, мэдрэлд муу нөлөөтэй. 

Хүнийг амьтнаас ялгаж чадах хамгийн чухал чадамж бол өөрийгөө удирдах, өөрчлөх чадамж. Иймд айдаст автан, тэвдэж, түгшиж суухын оронд айдсаас биеэ чөлөөлөх,удирдах алхамд суралцаарай. 

Амьдралд тохиолдох таатай, таагүй  үйл явдал болгон бэлэгтэйгээ ирдэг. Бэлгийн нүдээ нээн, энэ цар тахлыг хэрхэн боломж болгон хувиргаж болох вэ хэмээн өөрөөсөө асуу, асууж чадаж байвал хариултаа та заавал олно. 

Сөрөг сэтгэл хөдлөлөөс биеэ чөлөөлөхийн тулд дасгал хөдөлгөөн хий, алх, агаар салхинд гарч болно. Мэдээ үзэхээ багасгах хэрэгтэй. Өглөө таван минут мэдээ үзэхэд тухайн өдрийг таагүй өдөр гэж дүгнэх магадлал даруй 40 хувь нэмэгддэг гэсэн судалгаа бий. 

Мэдрэмжээс зугтаах биш байгаагаар нь тэр чигээр нь мэдэр. Тухайн мэдрэмжээс зугтах тусам улам автаж, гацаанд ордог. Та бол таны бодсон бодол, сэтгэл хөдлөл биш. Харин бүхнийг дээрээс ажиглагч, сонголт хийгч ухамсар. 

КОВИД-ын халдвараар ойр дотны хүнээ алдсан бол сэтгэл зүйн хувьд маш хүнд нөхцөлд байгаа. Тэдгээр хүмүүст чин сэтгэлээсээ эмгэлнэл илэрхийлж байна.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Сэтгэл засалч, көүч Б.Болормаатай холбогдохыг хүсвэл түүний фэйсбүүк хаяг, Тархины фитнесс групп болон вэб сайтад нь хандаарай.