Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Борооны улиралд голын усыг хоол хүнсэнд шууд хэрэглэж, аяга тавгаа угаахгүй байхыг сануулж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бороо хур элбэгшиж, үер усны бохирдол ихэссэн энэ үед иргэд амарч зугаалахдаа голын усанд аяга тавгаа угаах, хүнсэндээ хэрэглэх, хоол хүнсний хадгалалтын горимыг алдагдуулах зэргээр хувийн ариун цэвэр болон хүнсний бохирдолтой холбоотой гүйлгэлт, суулгалтын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд УНТЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн их эмч АУ-ны магистр Д.Энхчимэг гүйлгэлт, суулгалтаас сэргийлэх зөвлөмж өглөө.

Тэрбээр “Гэдэсний халдварт өвчин нь хоол хүнс, ахуйн хавьтлаар нэг өвчтөнөөс нөгөөд дамжин халдварладаг бөгөөд хүндэрвэл аюултай өвчлөлүүдийн нэг. Энэ төрлийн өвчний үед гүйлгэж, суулгах, бөөлжих, дотор муухайрах, гэдсээр базалж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Урьдчилан сэргийлэхийн тулд нэн түрүүнд хүнсний бүтээгдэхүүний хадгалалт дээр анхаарах хэрэгтэй.

Мөн ихэнх халдварт өвчин бохир гараар дамжих халдварладаг гэдгийг анхаарч гараа тогтмол угааж хэвших нь зүйтэй.

Нөгөөтээгүүр гэдэсний халдварт өвчин дутуу боловсруулсан хоол хүнс болон хэрэглэж буй аяга тавгийн дутуу ариутгалтай холбоотой. Иймд буцалсан усаар аяга тавгаа ариутгах ёстой.

Зургаадугаар сарын сүүлээс бороо хур их орж байгаатай холбоотойгоор ундны усны бохирдол үүдэж, гүйлгэх суулгах өвчнөөр өвдөх эрсдэлтэй тул голын усыг хоол хүнсэнд шууд хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд сайтар буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.

Хэрэв гэдэс мушгих гэдсээр базалж өвдөх бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрвэл хросолтой ус уух, шингэн бүлээн зүйлс бага багаар уух, шарсан хуурсан хүнд хоол бага идэх зэрэг арга хэмжээнүүдийг авч эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээс туслалцаа авах хэрэгтэйг сануулж байна.

Гүйлгэлт суулгалт болон хордлогоос үүдэлтэй бөөлжсөнөөс болж алдсан шингэнээ эргүүлэх нөхөх хэрэгтэй байдаг тул эм гэж яарахаас илүү халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух нь зөв. Ингэхдээ заавал бүлээн шингэн зүйл уухыг зөвлөж байна. Учир нь хүйтэн хоол, хүйтэн ус ууснаар гүйлгэлт намддаггүй.

Гүйлгэлт суулгалт бүр гэдэсний халдварт өвчин биш тул аль болох шинж тэмдгийн эсрэг эм бэлдмэл дур мэдэн хэрэглэхгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Ийм үед өтгөний өнгө, хэмжээнээс хамаарч гэдэсний халдварт өвчин мөн эсэхийг тодорхойлдог бөгөөд хэрэв гэдэсний халдварт өвчин мөн байвал эмчилгээнүүд нь өөр өөр байдаг” гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/unte.moh.gov.mn/videos/566683174346294