Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоон "Нэг өрх - Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж эхэлжээ.

Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байна.

Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд долдугаар сарын 9-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396,000 м.кв талбайд халдваргүйтэл хийгджээ.

Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор өнөөдрөөс эхлэн Замын-Үүд суманд "Нэг өрх - нэг шинжилгээ" аян зохион байгуулагдаж байна. 

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилж буй.

Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид долдугаар сарын 20-ны өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, долоо хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм байна. 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.