А.Батжаргал: Монгол Улс мэдээлэл зүйн олимпиадад түүхэн амжилт гаргалаа
Ирэх 10 жилд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй байх мэргэжлүүдийн жагсаалтад програм хангамжийн мэргэжил дээгүүрт эрэмбэлэгдэж буйтай холбоотойгоор сурагчид програмчлалын хичээлийг сонирхон хичээллэх болсон.
Энэ үед програмчлалыг сонирхон суралцаж амжилт гаргаж байгаа хүүхдүүдийн төлөөлөл "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа “IOI” буюу олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадаас энэ жил мөнгөн медаль хүртлээ.
Дөрвөн жилийн өмнөөс буюу 9 дүгээр ангиасаа мэдээлэл зүйн чиглэлээр суралцаж эхэлсэн А.Нямдаваа олон улсын мэдээлэл зүйн олимпиадад улсаа төлөөлөн дөрвөн удаа оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байгаа юм.
А.Нямдавааг мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэсэн багш, "Сант" академийн гүйцэтгэх захирал А.Батжаргалтай ярилцлаа.
- А.Нямдаваагийн гаргасан амжилтуудын талаар яриагаа эхэлье?
- "Сант" сургуулийн сурагч А.Нямдаваа олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн нь Монголд байхгүй түүхэн амжилт юм. Өмнө нь манай улс олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас 2005, 2006, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан.
Монгол Улсаас жил болгон 4 сурагчид оролцдог энэ тэмцээнд амжилттай оролцож медаль авсан сурагчид нэр хүндтэй томоохон сургуулиудаас урилга авдаг. А.Нямдаваагийн хувьд Сингапурын үндэсний их сургуулиас (NUS) 100 хувийн тэтгэлэгтэй урилга авсан.
- Улсын олимпиадад түрүүлсэн, амжилттай оролцсон сурагчид олон улсад оролцдог уу, IOI-д улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг хэрхэн бэлддэг вэ?
- Улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүд улсаа төлөөлөн олон улсад өрсөлддөг. Сүүлийн хоёр жилийн хувьд КОВИД-19 халдварын нөхцөл байдлаас болоод дотоодод олимпиад зохион байгуулагдаагүй. Тиймээс олон улсын, бүсийн тэмцээнүүдэд гаргасан амжилт, мөн нэмэлт сорилоор IOI-д оролцох шалгуураа хангаж байна.
Энэ жилийн тухайд “Сант” сургуулийн хоёр сурагч, “Сэлбэ” дунд сургуулийн нэг сурагч, “Нест” академийн нэг сурагч, багийн удирдагчаар Д.Цэдэвсүрэн, А.Хүдэр багш нар олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцлоо.
- Ирэх 10 жилд эрэлттэй, ирээдүйтэй, өндөр цалинтай мэргэжлийн жагсаалтад програмчлал суурьтай мэргэжил тэргүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд програмчлалын хичээлийг сонгон суралцах сонирхол нэмэгдэж байна?
- Дэлхийн дахинд төдийгүй манай улсад програм хангамжийн инженерийн эрэлт их байгаа. Дотоодын 4-5 томоохон сургуулийг жилд дунджаар 1,000 гаруй оюутан програм хангамжийн чиглэлээр төгсөж байгаа нь зах зээлийн эрэлтийн хаана ч хүрэхгүй байна.
Тийм учраас бид кодчлол, програмчлалын хичээлийг бага ангиас нь эхлээд их сургууль төгсөх хүртэл нь сонгон суралцах, тэмцээн зохион байгуулах, гарааны компани байгуулахад дэмжих экосистемтэй болох хэрэгтэй байна.
- Зарим сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө програмчлалын хичээлийг оруулж байгаа. Мөн академи, сургалтын төвүүд ч нээгдэж байгаа нь сурагчид сонирхлоороо суралцаж эхлэхэд нөлөөлж байх шиг байна.
- Би сүүлийн 5 жил яг чиглэлээр багшилж байна. “Сант” сургууль дээр багшилж хүүхдүүдэд програмчлалын хичээл заан, хичээлийн хөтөлбөрт оруулсан нь маш сайн үр дүнд хүрсэн.
Нэг ангийн хүүхдүүдийн 30 хувь нь програм хангамжийн чиглэлээр, 60 хувь нь програм хангамж суурьтай мэргэжлээр сурсан. Энэ чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд зориулж “Сант” академийг 2019 онд байгуулсан. Манай академи бүх суруулийн сурагчдад нээлттэй.
- Сант академид хэчнээн хүүхэд суралцаад байгаа вэ, КОВИД-19 халдварын улмаас сургалтын үйл ажиллагаа ерөнхийдөө цахимаар явж байх шиг байна. Програмчлалын хичээлийг цахимаар болон танхимаар заахад хэр их ялгаа гарч байна вэ?
- 2020 онд танхимаар хичээллэж чадсангүй. Үндсэндээ хичээл цахимаар явж байгаа. Өнгөрсөн жил 300 орчим хүүхэд манай академид суралцсан байна.
Цахимаар хичээллэх нь цаг хугацаа хэмнэх, бие дааж суралцах чадварт сургах давуу талтай ч танхимаар суралцах явцад хүүхдүүд бие биенээсээ дэмжлэг авч илүү хурдтай суралцдаг. Тиймээс намраас цахим болон танхимын хичээлийг хослуулж илүү олон хүүхдийг хамруулах төлөвлөгөөтэй байна.
- Програмчлалын хичээлийг хэдэн наснаас суралцах боломжтой вэ?
- ЕБС-ийн 6, 7 дугаар ангиас эхлээд энгийн код бичих хичээлүүдийг үзээд эхлэх боломжтой. Хүүхдүүд заавал вэб сайт, аппликешн хийж сурах албагүй ч ирээдүйд програмчлал наад захын эзэмшвэл зохих мэдлэгүүдийн нэг болохоор байна. Заавал инженер болохгүй ч гэсэн код бичих, програмчлалын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй болж байна.
Түүнчлэн програмчлалын хичээл үзсэн хүүхдүүд сууж сурна, логик сэтгэлгээ сайжирна, өдөр бүр шинэ технологитой танилцаж үргэлж шинийг эрэлхийлж сурдаг.
- Олон улсын олимпиадад оролцох сонирхолтой, инженер болох хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан тусдаа хөтөлбөр “Сант” академид бий юу?
- Хүүхдийн сонирхол хамгийн чухал. Нэг дурлаад сонирхоод эхэлбэл хүүхдүүд уйгагүй болчихдог. Хүүхэд өөрөө сонирхох нь амжилтын үндэс. А.Нямдаваа гэхэд л дөрвөн сар хичээллээд улсын олимпиадад түрүүлж байсан. Олон улсын олимпиадад дөрвөн жил оролцож, гурван медаль хүртсэн.
Програмчлалын суурь нь математикийн хичээл юм.
“Сант” академийн хувьд вэб сайт, аппликешн зохион бүтээхээс сургалт явуулахаас гадна програмчлалын үндсэн мэдлэгийг олгох онолын хичээлүүд ордог. Сэтгэлгээгээ задлах бодлого бодуулдаг. Энэ нь логик сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг сайжруулахад маш их хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
"Сант" академийн суралцагчдын амжилтууд:
- Улсын мэдээлэл зүйн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл
- Олон Улсын мэдээлэл зүйн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө
- Ази номхон далайн мэдээлэл зүйн олимпиадаас хоёр мөнгө
- Zhautykov-н нэрэмжит олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас нэг алт, нэг хүрэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

