Математикийн болон Мэдээлэл зүйн ОУ-ын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид амжилтын нууцаасаа хуваалцлаа
Зураг
2020 оны 10 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Математикийн болон Мэдээлэл зүйн ОУ-ын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид амжилтын нууцаасаа хуваалцлаа

Олон улсын математикийн олимпиадаас энэ жил манай улс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан.

Тэр дундаа алтан медаль хүртсэн О.Мишээл гүйцэтгэлээрээ олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн нь манай улсын хувьд үнэмлэхүй амжилт гэдгийг Нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ тодотгож буй юм.

Тэрбээр олимпиадад бэлтгэх багийн зөвлөх багш бөгөөд олон улсын олимпиадад хянагч багшаар оролцдог манай улсын урдаа барьдаг багш нарын нэг. 

Монгол Улсын түүхэнд бичигдэх онцгой амжилт үзүүлсэн эдгээр багш, сурагчдыг iKon.mn онцолж байна.   

Ийнхүү олон улсад эх орноо төлөөлөн үнэмлэхүй амжилт гаргасан сурагчид бусад хүүхдийг ч мөн математик, мэдээлэл зүйн хичээлд дур сонирхолтой болгохын тулд багшийн заах арга барилд анхаарах шаардлагатай гэж боддогоо хуваалцлаа. Ялангуяа, сурагчдыг томъёо цээжлүүлэх биш, яагаад энэ хичээл гоё гэдгийг анхнаас нь энгийнээр тайлбарлавал сурагч бүрийн сонирхлыг татах боломжтойг хэлж байв. 

“Нөөц бололцоо, чадамж асар их байгаа ч нийтээр нь шалгахад чамлалттай үзүүлэлт гардаг”

Манай улсын математикийн боловсролын суурь түвшний талаар З.Бат-Эрдэнэ багш “Монголын математикийн суурь боловсролын түвшинг ярихад хоёр үзүүлэлтээр дүгнэж болно" хэмээн тодорхойлсон юм. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Нэгдүгээрт, Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо. 2020 онд 30,000 орчим хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний ихэнх нь математикийн мэдлэгээ шалгуулсан. Ингэхэд 100 оноо авах ёстойгоос 22-23 оноо авсан сурагчид ч байсан нь сургалтын агуулга, хүртээмж улсын хэмжээнд тааруу байгааг илтгэж байна.

Хоёрдугаарт, олон улсын математикийн олимпиадад сүүлийн таван жилийн турш үзүүлсэн амжилтыг харвал

  • 2016 онд 33 дугаарт,
  • 2017 онд 48 дугаарт,
  • 2018 онд 28 дугаарт,
  • 2019 онд 26 дугаар байрт орсон бол
  • 2020 онд 29 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.

Дунджаар 30-35 дугаар байрт Монголын оролцогчид орж байна. Дэлхийн 100 гаруй орны сурагч оролцдог олимпиадын эхний 30%-д манай оролцогчид тогтмол орж байгаа. Энэ нь нөөц бололцоо, чадамж асар их байгаа ч нийтээр нь шалгахад чамлалттай байгаагийн илэрхийлэл.

ЭЕШ-ын оноог дүнгийн системд оруулж харьцуулж болохгүй, дүйцүүлж үзвэл одоогоор үнэлж буй найман түвшний хамгийн доод буюу нэгдүгээр түвшинд байгаа. Нэгдүгээр түвшин гэдэг нь 0-30 хувь буюу анхан шатны ойлголт тааруу байгааг илтгэнэ” гэлээ.

Ийнхүү нийтээр нь шалгахад чамлалттай үзүүлэлт гарч байгаа нь математикийн хичээлийн хөтөлбөртэй холбоотой хэмээн тэрбээр үзэж буй юм.

"Манай улс сургалтын тогтолцоог 12 жил болгон шилжүүлснээр 2013 онд тавдугаар ангиа төгссөн хүүхдүүд хоёр өөр анги буюу элсэн орсон наснаасаа хамаарч тав болон зургаадугаар ангид орж байв.

Зургаан настайдаа сургуульд элссэн нь зургаадугаар ангид, долоон настай элссэн нь долдугаар ангид орсон бөгөөд энэ үед тухайн ангийн хөтөлбөрүүдийг нь ялгаатайгаар боловсруулж байсан. Түүнээс хойш хөтөлбөр шинэчлэгдээгүй. Бид эндээс л анхаарах нь зөв. Ялангуяа дунд ангийн хөтөлбөрийг сайн цэгцлэх ёстой. Ахлах ангийн хөтөлбөр, сурах бичгүүд тун боломжийн хэмжээнд байгаа. Агуулга өргөнтэй. Харин дунд ангийн хөтөлбөрийг харвал олон агуулгыг цөөн, цөөн цагаар судлахаар байгаа.

Миний хувьд санал болгох хувилбар бол цөөн агуулгыг гүнзгийрүүлж үзэх нь үр өгөөжтэй. Олон сэдвийг цөөн цагаар үзэх нь үр дүн бага бөгөөд олон сэдэв үзсэн мэт харагдаж байгаа ч хүүхдүүдэд тусах тусгал, учир холбогдол бага” хэмээн З.Бат-Эрдэнэ багш ярив. 

Түүнээс улсын болон олон улсын олимпиадад сурагчдыг хэрхэн бэлддэг тухай болон сүүлийн үед үзүүлсэн томоохон амжилтуудынх нь талаар тодрууллаа.

З.Бат-Эрдэнэ: Олимпиадын багт Улаанбаатарт 1 ба 11 дүгээр сургуулиас өөр улсын сургуулийн сурагч багтахгүй байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Сурагчдыг олон улсад олимпиадад хэрхэн бэлддэг вэ? 

-Монголын математикийн хороо сүүлийн жилүүдэд эрс шинэчлэл хийж байгаагийн нэг нь дүүргүүдэд баг бүрдүүлж, улсын олимпиадад оруулдаг болсон.

Аймаг тус бүр нэг баг, нийслэлийн төвийн зургаан дүүрэг нэг, нэг баг болох бөгөөд Налайх, Багануур, Багахангай гурав хамтран нэг баг бүрдүүлдэг болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүргүүд болон аймгуудын улсын олимпиадад оролцох чанар сайжирч байна.

Гэхдээ Улаанбаатар хотын дүүргүүдийг авч үзвэл, 

  • Хан-Уул дүүргийн багийн ихэнхийг "Орчлон" сургуулийн сурагчид бүрдүүлж байна. 
  • Чингэлтэй дүүргийн багийг "Олонлог" сургууль
  • Сүхбаатар дүүргийн багийг 1, 11, "Сант", 31, "Шинэ үе" сургууль бүрдүүлж байгаа нь бусад дүүргийг бодохоод арай олон сургуулийн сурагч хамруулсан багт тооцогдож буй. 
  • Сонгинохайрхан дүүргийн багийг "Номун" сургууль
  • Баянгол дүүргийнхийг "Эхлэл", "Эрхэт эрдэм", "Эрдмийн хишиг" гэх мэтчилэн хувийн хэвшлийн сургуулиуд бүрдүүлж буй бол 
  • Баянзүрх дүүргийн багт "Шинэ Монгол", "Олонлог академи", "Оюунлаг", "Эмпати" зэрэг мөн л хувийн хэвшлийн сургуулиудын сурагчид багтаж байгаа юм. 

Ингээд харахаар олимпиадын багт Улаанбаатар хотод 1 ба 11 дүгээр сургуулиас өөр улсын сургуулийн сурагч багтахгүй байна. 

-Олимпиад буюу уралдаант шалгалтын талаар салбарын яамнаас сөрөг байр суурьтай байгаа. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Олимпиадыг дэлхийн бараг бүх улс хүлээн зөвшөөрч, зохион байгуулдаг. Дүн үнэлгээг нь шилдэг сургуулиуд хүлээн зөвшөөрдөг. Үүнд оролцохын тулд багадаа бүтэн жил бэлдэж байгаа. Тиймээс шаардлага хангасан олимпиадыг зохион байгуулах нь зөв гэж үздэг.

Нэг хэсэг амралтын өдөр бүр олимпиад болж, нэр хүнд нь унасан нь үнэн. Гэхдээ нийтээр нь хорьсноос чанартай цөөнийг зохион байгуулах нь зүйтэй.

Улсын олимпиад зохион байгуулахад төрөөс дэмжлэг тун бага. Математикт сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр л болдог. Бид Төрийн наадмын хэмжээний төсөв олгооч гээгүй, харин болоод байгааг нь битгий хориоч л гэж хүсэж байгаа.  

Олимпиадын багт Улаанбаатар хотод 1 ба 11 дүгээр сургуулиас өөр улсын сургуулийн сурагч багтахгүй байна

Мөн улс, олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдаа шагнаж урамшуулах нь зөв гэж боддог. Жишээлбэл, 2019 оны улсын шилдэг сурагчид дэлхийн олимпиадын алтан медаль авсан М.Өнөболд, дэлхийн хошой хүрэл медальт н.Батмэнд нарыг Нэгдүгээр сургуулиас тодорхойлсон боловч шалгараагүй юм байна лээ. Яагаад оюун ухаанаараа манлайлж байгаа сурагчдаа шагнаж болохгүй гэж. Энэ бол сурагчдадаа урам өгөх, бусдад үлгэр жишээ болох асуудал юм. 

-Олимпиадын хороо байгуулагдсан нь сүүлийн үеийн амжилтуудад нөлөөлж байгаа болов уу?  

-Олон улсын математикийн олимпиад 1965 оноос зохиогдож эхэлсэн. Энэ жил цар тахлын улмаас 56 дахь улсын олимпиад тасалдсан. Олимпиадын хорооны одоогийн дарга Б.Батбаясгалан, У.Батзориг болон н.Баярмагнай, н.Батцэнгэл нарын хүчин зүтгэлээр цар тахал гарсан ч бэлтгэлээ тасалдуулалгүйгээр энэ жилийн олон улсын олимпиадад өндөр амжилт гаргалаа. 

  • Онцолбол, хоёр том амжилт гаргасан. Нэгдүгээрт, "Шинэ Монгол" сургуулийн сурагч О.Мишээл 100 гаруй орны 600 гаруй хүүхдээс дөрөвдүгээрт жагссан. Дэлхийд дөрөвдүгээрт орно гэдэг бол маш том амжилт.
  • Мөн нэг багийн зургаан хүүхдээс нэг алт, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл авсан буюу 50-аас дээш хувь нь медаль хүртэнэ гэдэг нь манай улсын хувьд анхны үнэмлэхүй амжилт.

О.Мишээл: Математикаар дамжуулж олон төрлийн асуудлыг шийдвэрлэх санааг гаргадаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн О.Мишээлтэй ярилцлаа. 

-Өөрийгөө танилцуулна уу. Үзүүлсэн амжилтуудаасаа танилцуулбал?

-Сайн байна уу, Намайг О.Мишээл гэдэг. "Шинэ Монгол" сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Энэ жил зохион байгуулагдсан “IMO2020” буюу ОУМО-аас алтан медаль авсан. IMO нь ахлах ангийнхны олимпиад. Мөн IMC буюу дунд, бага ангийнхны оролцдог олимпиад бий.

Дөрөвдүгээр ангидаа IMC-д бага ангийн төрлөөр нь оролцон тусгай байр эзэлж байсан. Тавдугаар ангидаа хүрэл, зургаадугаар ангидаа алтан медаль хүртэж байв. Дунд ангийн төрөл долдугаар ангидаа хүрэл, наймдугаар ангидаа мөнгөн медаль авсан.

Харин түүнээс хойш IMO буюу ахлах ангийн олимпиадад оролцохоор шалгарч, ес, аравдугаар ангидаа тус тус хүрэл, арваннэгдүгээр ангидаа алтан медаль авсан.

-Ийнхүү томоохон амжилт үзүүлэхэд яаж бэлддэг вэ. Өдөрт хэдэн цагийг олимпиадын бэлтгэлд зарцуулж байсан бэ?

-Олимпиадад бэлдээгүй байсан ч байнга бодлого боддог. Олон улсын олимпиадад багтаагүй ч чанартай бодлогуудын цуглуулгаас боддог. Өдөрт багадаа таван цагийн хугацааг бодлого бодоход зарцуулж байгаа. Бодлогын хариуг олж чадахгүй бол нэлээд хугацаанд сууж, ажигладаг. Геометр шиг зураг шаардахгүй бол өөр зүйл хийж байхдаа бодлогын хариуг яаж олох талаар эргэцүүлнэ. Жишээлбэл, дэлгүүр орохдоо, шүдээ угаахдаа ч бодлогоо бодож байдаг.

Ямар ч бодлогод шийдэл байгаа. Хэрэв миний мэдэхгүй шийдлээр зохиогдсон бодлого байвал миний мэдэх ёстой шинэ зүйл гэсэн үг.

-Яагаад математикт дуртай болсон бэ?

-Бага ангиасаа математикийн олимпиадад оролцдог байсан. Математик бол тун сонирхолтой хичээл. Зөвхөн томъёо, теорем биш юм. Үүний цаана санаа бий. Энэ л гол. Математикаар дамжуулж олон төрлийн асуудлыг шийдвэрлэх санааг гаргадаг. Тэгэхээр би дан ганц математик биш бүхнийг сонирхож байна гэсэн үг.

-Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ, олимпиадын бэлтгэлээс бусад үед?

-Өглөө босож, усанд ороод хичээлдээ явдаг. Бага ангид байхдаа гайхсан зүйлсээ багш нараасаа их асуудаг байсан. Харин одоо бол бусдад хэрэгтэй, бусад хүүхэд ойлгоогүй үлдсэн байж магадгүй зүйлийг их асуудаг. Манай сургууль хичээлийн бус цагаар хичээллэх олон дугуйлантай ч би олимпиадын бэлтгэл рүүгээ явдаг. Олимпиадын бэлтгэлийг тогтмол хийдэг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Олон төрлийн зүйл уншдаг. Өөрт сонирхолтой санагдсан бүхнээ уншдаг. Томоохон онолуудын талаар судлаачид сүүлийн үед ямар санааг дэвшүүлж байгааг унших дуртай.

-Ихэнх сурагч математикийн хичээлээс хөндий, сүрдсэн маягтай байдаг. Яаж заах нь оновчтой санагддаг вэ?

 -Сонирхолтой байдлаар заахгүй байна гэж санагддаг. Хичээлийг заахдаа юунаас эхлэх вэ гэдэг нь чухал.  Зөв тодорхойлолтоос эхэлж, яагаад гоё вэ гэдэг талаар нь илүү тайлбарлаж өгөх хэрэгтэй байх.

-Цаашдын зорилго юу байна вэ?

-Маш олон зүйл сонирхож байгаа. Бүгд л сонирхолтой байгаа учраас цаашид сурах мэргэжлээ хараахан сонгоогүй. Математик, физик, мэдээллийн технологийг ихээхэн сонирхож байна. Мөн биологи, сэтгэл судлал, эдийн засаг ч гоё санагддаг. 

А.Нямдаваа: Математикийн багш чиглүүлэгчээр ажиллаж, сурагчдыг бие даалгах нь зүйтэй санагддаг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадын алтан медаль, математикийн олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн А.Нямдаваатай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулна уу, ямар амжилтууд үзүүлээд байна вэ?

 -Сайн байна уу. Намайг А.Нямдаваа гэдэг. "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 2019 онд Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад оролцож, мөнгөн медаль авсан байсан. Энэ жил уг олимпиадаас алтан медаль хүртсэн. Улсынхаа анхны алтан медалийг хүртсэндээ баяртай байгаа. Мөн математикийн олон улсын олимпиадаас мөнгөн медаль авсан.

-Ийнхүү томоохон амжилт үзүүлэхийн тулд хэрхэн бэлддэг арга барилаасаа хуваалцахгүй юу. Өдөрт хэдэн цагийг олимпиадын бэлтгэлд зарцуулж байсан бэ?

-Олимпиадад оролцож байхдаа бусадтайгаа найзууд болж, интернэтээр холбогдон хамтдаа бэлддэг. Долоо хоног бүр мэдээлэл зүйн тэмцээн цахимаар болдог. Түүнд хамтдаа оролцож, тэмцээний дараа бодлогуудынхаа талаар ярилцаж, мэддэг чаддагаасаа бусадтайгаа хуваалцдаг. Ингэхэд надад сурах зүйл их байгааг сайн ойлгож, шинэ зүйл сурч мэдэхэд нөлөөлдөг.

Өдөрт тогтмол цагийн хуваарь гаргаж суудаггүй. Шинэ зүйл сурахаар зориод суусан бол хэдий хэр хугацаагаар ч хамаагүй үзэж, судалдаг. Багадаа дөрвөн цагийг зарцуулдаг байх.

-Олимпиадын бэлтгэлээс бусад үед өдрийг хэрхэн өнгөрүүлдэг ?

-Түрүүн хэлсэнчлэн найзуудтайгаа тогтмол холбоотой байж, би мэдэхгүй ч тэд мэддэг зүйлийг үзэж судална. Олимпиад болоод дууссан учраас харьцангуй зав чөлөөтэй байгаа.  Өмнө нь гадуур гарах боломж хомс байсан бол одоо найзуудтайгаа гадуур уулзах, зугаалах боломжтой болсон.

-Яагаад математик, мэдээлэл зүйн чиглэлийг сонирхох болов?

-Бага ангиасаа математикт дуртай байсан. Мэдэхгүй зүйлээ ойлгож, учрыг нь олохоор их баярладаг. Харин есдүгээр ангиасаа мэдээлэл зүйн хичээлд тун дуртай болсон. Мэдээлэл зүй математиктай заавал хосолдог.

-Хобби, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Багаасаа л компьютертой найзалсан гэж болно. Өөрт сонирхолтой санагдсан зүйлийнхээ учрыг олохын тулд цахимд цаг их зарцуулж байгаа.

-Математикийн хичээлийг яаж заавал олон хүүхэд та хоёр шиг энэ хичээлд дурлана гэж бодож байна вэ?

-Минийхээр заавал томъёо цээжил гэж тулгалгүйгээр сурагчдаар бие даалгаж хийлгэвэл үр дүнтэй гэж санагддаг. Энэ бодлогыг эдгээр томъёо ашиглан бодох боломжтой гэх зэргээр эхний мэдэгдэхүүнийг нь өгөөд өөрсдөөр нь хийлгэвэл сурагчид сайтар тогтооход үр дүнтэй. Багш чиглүүлэгч талдаа ажиллах нь зөв болов уу.

-Цаашид сурах мэргэжлээ сонгосон уу?

-Их сургуульдаа Computer science ба түүнтэй хослуулж өөр мэргэжлээр сурах бодолтой байгаа. Гэхдээ хараахан шийдээгүй байна. 

x