Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдрийн борооноор томоохон хэмжээний үерийн дуудлага ирээгүй ч Хан-Уул дүүрэгт орон сууцны зоорины давхарт ус орсон"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ойрын өдрүүдэд нийслэлд усархаг бороо орж буй.

Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед бороо их орох төлөвтэй байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлэх чиглэлд ямар ажлууд хийж байна вэ?

-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А457 дугаар захирамж гарсан.

Уг захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой комисст 03 тоот албан даалгавар гаргасан. Үүний дагуу үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, ажиллах мэргэжлийн 18 байгууллага болон есөн дүүргийн Засаг даргын тамгын газарт үүрэг чиглэл өгсөн бөгөөд гэнэтийн үер ослын үед аюулгүйн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас нийслэлийн хэмжээнд байгаа үерийн далан суваг, шуудуу, зам дагуух ус соруулах хоолойг тогтмол цэвэрлэж байгаа.

-Өчигдөр нийслэлд хүчтэй усархаг бороо орсон. Борооны улмаас хэчнээн дуудлага ирсэн бэ?

-Өчигдрийн орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд томоохон хэмжээний үерийн дуудлага ирээгүй. Харин Хан-Уул дүүрэгт нэг орон сууцны зоорийн давхарт ус орсон гэсэн нэг дуудлага ирсэн.

Одоогоор нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ус тогтож, автомашин явах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй.

Өмнө нь үерийн улмаас Замын цагдаагийн гүүрний орчимд тогтсон усыг замыг нь сэтлээд ус урсах шатлалыг нэмэгдүүлсэн.

Бороо олон хоног орох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж, холбогдох чиглэлээр ажиллаж байна.

Онцгой байдлын газраас Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өдөр бүр завьт эргүүлийг гарган ажиллуулж байгаа.

Үүнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтарч хяналт шалгалт явуулж, иргэдэд сэрэмжлүүлэг өгч буй.

Өнгөрсөн долоо хоногт голын усанд хоёр иргэн осолдож амь насаа алдсан. Мөн алба хаагчид голын усанд суусан найман автомашиныг гаргасан.

Иргэд голын ус, тогтоол усанд орохгүй байх, ялангуяа гол дагуу амарч, зугаалахдаа  бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх шаардлагатай.

Түүнээс гадна автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулж байна. Иргэд автомашинтайгаа гол гатлах оролдлого хийсний улмаас эд хөрөнгө, амь насаараа хохирсон тохиолдол их бий.

-Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэж байгаа юу?

-Дүүргүүд нийслэлийн газар зохион байгуулах газартай хамтран үерийн аманд буусан айл өрхүүдэд шаардлага мэдэгдэл хүргүүлж байна.

Тухайлбал, Баянгол дүүрэгт үерийн аюултай бүсэд буусан 13 айл өрхөд, Сүхбаатар дүүрэгт 40 айлд нүүх мэдэгдэл, шаардлагыг өгөөд буй.

Харин Чингэлтэй дүүрэгт үерийн аюултай бүсэд байгаа 20 хашааг буулгах арга хэмжээг зохион байгуулж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас үерийн аюултай бүсэд олгосон 85 газрын гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Баянзүрх дүүрэгт ч зургаан айлыг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээлэл байна.

Зураг
13 | 12 | 13 цаг