Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Сүүлийн гурван сарын хугацаанд Засгийн газрын менежмент бүтэлгүйтсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Цар тахлын нэг удаагийн хуулийг анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан бөгөөд 2020 оны арван хоёрдугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Уг хуулийн хуулийн хугацаа долдугаар сарын 1-нээр дуусгавар болж буй. Тиймээс Засгийн газраас хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгуулахаар өргөн мэдүүлсэн нь энэ юм. 

Зарим гишүүн хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгана гэдэг ойлголт байх ёсгүй гэдэг шүүмжлэл хэлж байв.  

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын даргад хандаж нэг зүйл хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 482 иргэн цар тахлын улмаас нас бараад байна. Тэдгээр хүмүүсийн Монгол Улсын парламент хүндэтгэл үзүүлэхгүй юм уу.

Хоёрдугаарт, иргэд өвдөөд хэцүү байна, эм авч чадахгүй байна, өрхийн эмнэлэг эмгүй гэж байна, хэнд хандах вэ гэсэн мессэжүүд ирж байна.

Энэ хуулийн хугацааг сунгахыг дэмжихгүй байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Засгийн газрын менежмент бүтэлгүйтсэн. Солонгос 50 сая хүнтэй хэр нь өнөөдөр 200 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон.

Одоо энэ хуулийг хугацаагүй сунгана гэдэг ойлголт байж болохгүй. Өмнө нь нэг удаа сунгасан хуулийн хугацаа долдугаар сарын 1-нд автоматаар дуусна. Үүнийг сунгахгүй, Засгийн газар шинэ хууль оруулж ирэх ёстой. Хууль зүйн хувьд үүнд маш их асуудал байна. Бид хүний эрүүл мэндийг аврах гэж байна гээд хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Хуулийн үйлчлэх хугацааг нэг л удаа сунгана гэж заасан байгаа. Үүний учир нь ард түмнийг төлөөлөх эрх нэг жилээс илүү Засгийн газарт шилжиж болохгүйд байгаа юм.  

Шадар сайд С.Амарсайхан: Хэрэв энэ хуулийг сунгаж өгөхгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаатай адил зүйл.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Өрхийн эмнэлгийн өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээний санхүүжилт 70 мянган төгрөг байсныг 160 мянга болгож нэмэгдүүлж байна. Үүнд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон ажилчдын цалин, урамшуулал гээд бүх өртгийн жинг тооцож гаргасан.

КОВИД-19 бол гоц халдварт өвчин. Энэ цар тахлын өмнө дэлхий нийтээрээ хүчин мөхөсдөж байна. Зарим улсад бүртгэгдээд байгаа Дельта вирус маш хоруу чанартай, тархац нь маш хурдан. Одоо ч гэсэн манай улсад яг ийм байдалтай байна. Урьд өдөр нь амьсгалын дутагдалтай ирсэн бол маргааш нь хоёр уушиг битүү хатгаа болж хүндэрч байна.