Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар авсан Америкчуудыг аралд цөлөх санааг Дональд Трамп гаргаж байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахал дөнгөж эхэлж байх үед АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп халдвар авсан иргэдээ аралд цөлөх санаа гаргаж байсныг шинээр хэвлэгдэж буй номонд өгүүлжээ.

“Nightmare Scenario: Inside the Trump Administration’s Response to the Pandemic That Changed History” нэртэй номыг Вашингтон Пост сонины сэтгүүлчид болох Ясмин Абуталеб, Дамян Палетта нар бичсэн юм. Вашингтон Пост сонин өчигдөр уг номноос авсан эвшлэлүүдийг нийтэлжээ.

2020 оны хоёрдугаар сард Цагаан ордонд болсон хурлын үеэр Трамп “Манай эзэмшилд ямар нэг арал байдаг билүү? Гуантанамо ямар вэ?” гэж зөвлөхүүдээсээ асууж байсныг гэрчүүд мэдүүлсэн байна.

“Бид бараа бүтээгдэхүүн импортлодог болохоос вирус импортолдоггүй” гэж энэ үеэр Трамп хэлж байжээ.

Гэвч Трампын санааг зөвлөхүүд нь дэмжээгүй тул ажил хэрэг болоогүй тухай шинэ номонд бичсэн байна.

АНУ нь Куба улсаас арлынх нь нэг хэсэг болох Гуантанамогийн буланг тодорхойгүй хугацаагаар түрээслэх гэрээг 1903 онд байгуулсан байдаг. Одоо энэ газарт терроризмийн сэжигтнүүдийг цагдан хорьдог шорон бий. Шоронгийн нөхцөл байдал муу, хүний эрх зөрчигддөг талаар олон улсын байгууллагууд байнга шүүмжилдэг юм.

АНУ-ын дотоод хэргийн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Майлес Тэйлорын 2019 онд нийтлүүлсэн “A Warning by Anonymous” нэртэй номонд хууль бус цагаачдыг Гуантанамод хорих санааг Трамп гаргаж байсан тухай өгүүлдэг.

Халдвартай америкчуудыг Гуантанамод цөлөх санааг Трамп гаргаж байх үед АНУ-д коронавирусийн цар тахал дөнгөж эхэлж, халдварын тохиолдлууд гадаадаас импортлогдож эхэлж байсан юм.

Дээрх номонд өгүүлснээр 2020 оны гуравдугаар сард Цагаан ордонд болсон хурлын үеэр Трамп шинжилгээний тоо нэмэгдсэнд уурлаж, эрүүл мэндийн сайд руугаа хашхирч загнаж байжээ. “Шинжилгээ олныг хийж байгаагаас болоод би сонгуульд ялагдах гээд байна. Ямар тэнэг нь холбооны засгийн газрын хөрөнгөөр шинжилгээг зохион байгуулдаг байна?” гэж тэр эрүүл мэндийн сайд асан Алекс Азарыг загнаж байсан гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian