Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбилэг: Вакцин хийлгэсэн гээд хүн хоорондын зайгаа барихгүй олон нийтийн газраар сэлгүүцэж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 халдварыг бууруулахад иргэдийн оролцоо сэдвээр ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Д.Оюунбилэг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "КОВИД-19 халдвар цар тахал байдлаар тархаж, улмаар хүн бүр хувь нэмрээ оруулах нийгмийн ёс зүйг шаардах болсон. Иргэд хэдий чинээ үүрэг хариуцлагатай байна, төдий чинээ халдварын тархалт буурах боломжтой. Хувь хүний хариуцлага нь Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний чухал хэсэг гэдгийг дэлхий нийтэд онцлон тэмдэглэсэн байдаг.

Үүнээс гадна нийгмийн нэгдмэл байдал, үүрэг хариуцлаг маш чухал.

Хүний эрх чухал хэдий ч нийтийн эрх ашгийн төлөө хувь хүн зарим эрх чөлөөгөө хязгаарлах нь нийгэмд аюулгүй байдлыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ бүгдээс харахад иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлавал цар тахлын тохиолдлыг бууруулах боломжтой.

Дархлаажуулалтын тухай хуульд иргэний эрх, үүргийг зааж өгсөн. КОВИД-19 халдварыг бууруулахад дархлаажуулалтын тухай хуульд заасан эрх үүргээ мэддэг, хүн болгон дархлаажуулалтад хамрагдах нь зайлшгүй шаардлагатайг ойлгох нь чухал.

Дархлаажуулалтын тухай хуулиар иргэн дархлаажуулалтын талаар дараах эрх эдэлнэ. 

Үүнд:

  1. Сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;
  2. Сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;
  3. Сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;
  4. Тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;
  5. Эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

 Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ.

  1. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;
  2. Сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;
  3. Сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;
  4. Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

Вакцин хийлгэсэн гээд хүн хоорондын зайгаа барихгүй олон нийтийн газраар сэлгүүцэж байна

Халдварт өвчний үед хийгдэж байгаа тарилга нь тархвар судлалын заалтаар хийгдэж буй арга хэмжээ юм. Вакцин хийлгэсэн ч халдвар авч болно. Гол зүйл нь халдвар авсан ч вакцин хийлгэсэн тохиолдолд та хөнгөн өвдөнө. Өөрөөр хэлбэл хүндрэл багатай байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иргэд вакцин хийлгэсэн гээд халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зайгаа барихгүй олон нийтийн газраар сэлгүүцэх, амны хаалтыг зааврын дагуу зүүхгүй байна. Энэ нь иргэд өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлахгүй байгаатай холбоотой.

Иймээс манай улсын хэмжээнд халдварын тархалт маш эрчимтэй нэмэгдэж байна. Иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэний үүрэг болон байгууллагын дүрмийг хангалтгүй биелүүлж байна. 

КОВИД-19 цар тахлын үед иргэд ёс зүйтэй байхын тулд ямар алхам хийх вэ?

  1. Эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,
  2. Ёс зүйн боловсролд тасралтгүй суралцах,
  3. Цахим хуудсаар сайн сайхныг сурталчилсан эерэг мэдээллийг түгээх,
  4. Эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, 
  5. Эв нэгдэл хамтын зүтгэлтэй байх,
  6. Өөрийгөө цаашлаад бусдад халдвар тараахаас ямагт сэргийлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь чухал" гэв.