Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дуламсүрэн: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлахыг шаардаж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах тухай Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

Тус холбооны дэд тэргүүн Ц.Дуламсүрэн "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах талаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. 

Баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг зөвхөн Улаанбаатарт тэмдэглэнэ гэсний дагуу иргэдээс судалгаа авлаа. Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооны 1,000 гишүүнтэй хурал болсон. 

Манай холбооны гишүүд баяр наадмыг хотод тэмдэглэж, ард түмнээ алаглаж болохгүй гэсэн байр суурьтай байна. 

330 суманд зэрэг наадам эхэлдэг. Монголын ард түмний 95-аас дээш хувь нь наадмаа дэмжиж оролцдог. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэвэл ард түмнээ битгий алаглаж үзээч гэж хэлмээр байна.

Хуульд долдугаар сарын 11, 12нд Улсын наадам болно гэж заасныг Засгийн газар өөрчлөх ёсгүй. Хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Наадам хийхгүй юм бол олимп шиг жилээр хойшилж болно. Түүнээс биш хот, хөдөөг ялгаж наадам хийх хэрэггүй. Үндсэн хуульд заасан ард түмний эрхийг эдлүүлмээр байна"  гэлээ. 

Цөөнхөд зориулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна

Түүнчлэн "Баяр наадмыг хойшлуулах тухай санал гараад байгаа. Ингэснээр ойрын хугацаанд зохион байгуулагдах зүйл сар гаруй хугацаагаар хойшилно. Тиймээс орон нутгийн уяачдын эрх ашгийг хүндэтгэн үзээд нэг өдөр аймаг, сумын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад баяр наадмаа зохион байгуулах нь зөв юм гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарт өргөн бариад байна.

2008 оноос хойш Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Х.Болорчулуун гишүүн өргөн бариад явж байгаа. Түүний морьдыг сэрвээний өндөрөөр хэмжиж, уралдуулах хуулийн төсөл хүчингүй болж буцаагдсан. Гэтэл тухайн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны албан тушаалыг ашиглан тогтоол гаргасан. 

Ингэхдээ уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулах журмын өөрчлөлтийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна. Уяачдын 90 хувь нь монгол морьд, 10 хувь нь эрлийз морьдоо уралдуулахыг дэмжиж байгаа. 

Тиймээс 90 хувийн эрх ашгийг зөрчиж, цөөнхөд зориулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Улсынхаа наадмаар шударга уралдаан хийх тал дээр уяачдыг нэгдэхийг уриалж байна" гэж Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооноос мэдээллээ.