Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх цар тахалтай холбоотойгоор ноцтой зөрчигдсөн гэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байна. 

Уг илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулсан юм.

Тэрбээр "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл нь хүний эрх, КОВИД-19-ийн нөхцөл байдал гэсэн үндсэн сэдвийн хүрээнд боловсруулагдсан.

Дэлхий нийтээр тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, даван туулахад Засгийн газар, улс орнууд авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь хүний эрх, эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж, хэрхэн хангаж байгаа талаар тодорхой асуудлуудыг хөндсөн. 20 дахь илтгэлийн хүрээнд зургаан дэд бүлэг,цаашлаад  29 асуудлыг тусгасан дэд бүлэг болж хуваагдсан. Энэхүү илтгэлийн хүрээнд 40 санал боловсруулсан.

Илтгэлд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нөхцөл байдлыг тусгасан юм. Дотоодод анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой хүний эрхийн хязгаарлалт хийгдсэн. Энэ хүрээнд сурч боловсрох, зорчих, дотоодын хөдөлгөөн, цагийн хязгаарлалт хийгдсэн. Эдгээр нь хэр үндэслэлтэйд үнэлэлт хийлээ. 

Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш тусгаарлах ажиллагааг хийсэн. Үүнд мөн үнэлэлт өглөө. 19 дүгээр илтгэлийн хувьд туслах малчдад тулгарч буй хөдөлмөрлөх эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос судалгаа хийлээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хүний эрхийн үндэсний комиссын тайлан илтгэлийн 26 дугаар хуудсанд бичигдсэн хоёр тохиолдлыг яръя. Цар тахлын үед Монгол Улсын бүх эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөж байна. Нэг иргэн ингэж хэлсэн байна. Би тэргэнцэртэй ганц бие ээж. Саван, хүнсээ хүүхдээ гүйлгээд дэлгүүрээс авахуулдаг. Гэтэл дэлгүүрүүд хөл хорионы үед хүүхдэд үйлчлэхгүй гэсэн журам гаргасан учир охин бид хоёр хүнсээр гачигдаж байна гэжээ. 

Мөн нэг иргэн дараах асуудлыг ярьсан байна. Би үйлдвэрт ажилладаг. Улаанбаатар хотод таягтай явах, зам гарахад хэцүү. Иймд бусдын тусламж гардаг. Цар тахлаас болж хүмүүст бусдад туслах дургүй болж байна. Аргагүй л дээ. Миний хувьд ч гэсэн бусдад төвөг удмааргүй байна. Гэвч ажлаа хийхийн тулд гарахаас өөр аргагүй. Гадуур явахдаа амны хайрцгаар нь хүмүүсийн яриаг ойлгоод ажлаа амжуулчихдаг байсан. Гэтэл бүх хүмүүс маск хэрэглэдэг болсон тул сонсголын бэрхшээлтэй хүмүүст бэрхшээл үүсэж байна гэсэн тохиолдлыг хөндсөн байна. 

Анхаарах ёстой хэсэг нь зорилтот хэсэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Цар тахлын нөхцөл байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөрчигдөж байгаа эрхэнд Хүний эрхийн үндэсний комисс ямар дүгнэлт хийж байна вэ?" хэмээн асуув.

Хүний эрхийн үндэсний комиссоос "Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах асуудлаар, олон улсын гэрээнд нэгдсэн бөгөөд хууль баталсан. Энэ талаар байгууллагуудыг ч хангалттай байгуулсан.

Гэтэл бодлогын түвшинд бодитой үр дүн байхгүй байгаа нь шат, зам талбайгаас ойлгомжтой байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд цар тахлын үеэр амьжиргаа нь эрс дордсон. Хөдөлмөр эрхлэлт нь улам доройтсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх цар тахалтай холбоотой ноцтой зөрчигдсөн" гэлээ.