Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Бавуудорж: Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өв болон "Оройн чимэг" уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын сав газрыг дэлхийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэн баталгаажуулах ажлыг “Оройн чимэг этүгэн” НҮТББ санаачлан, зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. 

“Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын тэргүүн Ц.Бавуудорж "Отгонтэнгэр уул Монгол Улсын төрийн тахилгат уул гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр манай төрийн бус байгууллагаас Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байна.

Зарим нэг төсөл хөтөлбөрөө хийн ажиллаж байна. Энэ хайрханы соёлын өв болгож онцолж байгаа зүйл нь "Оройн чимэг" нэртэй уртын дуу юм. Иймээс энэ дууг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

"Оройн чимэг" уртын дууг онцолж үзэж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

Нүүдлийн соёлын судалгаа олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Дорждагва “Оройн чимэг этүгэн” НҮТББ нь Отгонтэнгэр уулын сав газрыг ЮНЕСКО-гийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэх эрх зүйн орчинг судлаад, үндэслэлтэй гэсэн үр дүнд хүрсэн. Ингээд бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд төрийн бус болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

"Оройн чимэг" нэртэй уртын дуу нь хүн байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн соён гэгээрэл, хүмүүжлийн агууламжтай. 19 дүгээр зууны сүүл үед зохиогдсон гэж үздэг. Энэ дууг бид бүхэн онцолж үзэж байгаа" гэв.

“Оройн чимэг этүгэн” нэртэй аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын гүйцэтгэх захирал н.Туул "Отгонтэнгэр хайрханы төрийн тахилга энэ жил болно. Үүнтэй холбогдуулан бид хийх гэж буй ажлаа танилцуулж байна. 

"Оройн чимэг" уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь Монгол хүн бүрийн сэтгэл, хүсэл шингэсэн ажил болох ёстой. Төр засгаас эхлээд Монгол туургатан бүхэн Отгонтэнгэр хайрхныхаа байгаль, соёлын өвийг дэлхийд бүртгүүлэх ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

Оюуны соёлын өвийг байгалийн цогцолбороор нь дэлхийд гаргаж, иргэдийнхээ зан заншлыг хадгалж үлдэх зорилготой. Цаг агаар өөр болж байна. Отгонтэнгэр хайрхан, ойр орчим нь олон хүний хөлд нэрвэгдээд жилээс жилд маш их гандаж байгаад санаа зовж байна.

“Оройн чимэг этүгэн” нэртэй аялал жуулчлалын цогц хөтөлбөрийг боловсруулж байгаа. Завхан нутгийнхан нэгдэн ажиллаж байна. Уул, усаа хамгаалж, оюуны соёлын өвөөрөө дэлхийд тэргүүлэх цаг ирсэн" гэлээ. 

Түүнчлэн "Уг дууг ЮНЕСКО-д бүртгүүлснээр монголчуудын бүтээсэн оюуны соёл, шүтлэгийн зан үйлийн соёл дундаас байгалд хандах, хүн өөрөө эрүүл амьдрах ухааны түлхүүр нь судар ном, дуу шүлэг, магтаалдаа байдаг гэдгийг хүн төрөлхтөн харах түлхүүр нь болох юм. Энэ үүднээс өвөрмөц соёлыг дэлхий нийтэд харуулахыг хүсэж байна" гэдгийг "Оройн чимэг этүгэн” НҮТББ-ын төлөөлөл хэлж байв.