Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨК-уудад шахааны томилгоо хийдэг албан тушаалтнуудад хариуцлага тооцдог болох хуулиа хэзээ батлах вэ?

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн захирал Б.Ганхуяг нарын сошиал орчинд хийсэн хэрүүл сайд, дарга нар төрийн өмчит компаниудад шахаагаар хүн томилдгийг албан ёсоор нотлов. 

Х.Нямбаатар сайдын постод хариу бичихдээ Б.Ганхуяг “Миний найз болно. Чиний шахааны 5-6 хүнийг авсан шүү. Одоо хангалттай” хэмээн бичсэн нь Хууль зүйн сайд төрийн өмчит ЭТТ компанид шахаагаар хүн томилуулсныг харуулсан юм (Дээрх эрхмүүд жиргээгээ төд удалгүй устгасан).

 
 

Энэ тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатартай холбогдож, тодруулахад "Тийм зүйл байхгүй. Тойргийн иргэдээс ирсэн хүсэлтийг уламжилсан. Энэ тухай сонгуулийн дараа тайлбар хийнэ" гэлээ. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг тайлбар хийхээс татгалзсан юм.

iKon.mn төрийн өмчит компанийн тухай хуулийг батлах шаардлагатай болсон талаар хөндөж бичсээр байгаа.

Төрийн өмчит компаниудад сайд, дарга нарын танил болох мэргэжлийн бус хүмүүс орогнож, бизнесээ шахдаг, ашиг орлогоосоо алдагдал нь давамгайлсан газар болж хувирсныг олон жил ярьсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой шинэчлэл хийгээгүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч одоогоор хэлэлцэж эхлээгүй байгаа юм. Энэхүү хуулийг шинэчилж, төрийн өмчит компаниудыг цэгцлэх шаардлагатай болсныг манлайлан ярьж, амлалт өгсөн хүн бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Харин түүний удирдаж буй кабинетын гишүүн төрийн өмчит компанид хүн томилуулсан нь ийнхүү ил боллоо. 

“Эрдэнэс Тавантолгой” бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийн ачаар ашиг орлогоороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараа бичигдэж байгаа төрийн өмчийн томоохон компани. Өнгөрсөн 2019 онд тус компанийн цэвэр ашиг нэг их наяд төгрөгт хүрч, монголчууд анх удаа 1,072 хувьцааны ногдол ашгаа хүртсэн юм. Гэвч компанийн ашиг үүнээс илүү байх боломжтой бөгөөд удирдлагын болон офиссын түрээсийн зардал хэт өндөр байгааг өнгөрсөн хугацаанд шүүмжилж ирсэн. Тухайлбал, орон нутгийн жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-аас ЭТТ-н удирдлагын зардал 10 дахин өндөр бөгөөд жил тутамд удирдлагын зардал 5-6 тэрбум төгрөгөөр өсөж, дарга нарын томилгоо их байгааг эдийн засагч Л.Наранбаатар баримтаар гаргаж тавьж байсан билээ. 

Танил талаа төрд "шургуулах"-ын тулд Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статус бий болгож, сонгон шалгаруулалтгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн гадуур томилдог болсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хүртэл чуулганы хуралдаан дээр хэлж байсан удаатай.

Энэ бол төрийн өмчит компаниудын бодит төрх бөгөөд үүнийг зохицуулах хууль эрх зүй байхгүй гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал “ТӨҮГ-ын захирлыг томилоход ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт алга. Энэ асуудлыг бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хүрээнд боловсруулж байна. Ажиллах хүч шингээх асуудлыг тухайн ТӨҮГ-уудын бүтээмж, үйл ажиллагаа, орлого, ашигт ажиллагаатай уялдуулж, дахиж норм норматив гарган, түүнийгээ мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 500 хүний хийх ажлыг 1,000 хүн хийгээд явж байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй тул ажлын байрны чиг үүрэг, стандартыг нэлээд анхааръя гэж байгаа” гэдгийг ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ ярьсан юм. 

iKon.mn-ээс санаачлан явуулсан "40 их наяд төгрөгийн өртэй ТӨК-уудын засаглал" хэлэлцүүлгийн үеэр төрийн өмчит компаниудын алдагдалтай ажиллаж байгаагийн нэг том шалтгаан нь томилгоо гэдэг дээр мэргэжлийн хүмүүс санал нэгдэж байв. Тухайлбал, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр "Саяхан “Энержи” байгууллагаас “Эрдэнэс Монгол” компанид хийсэн үнэлгээний дүнгээс нөхцөл байдал бодитой харагдаж байгаа. Уг үнэлгээгээр компани ашиг хуваах асуудал, удирдлагын томилгоо нь улс төрийн оролцоотой байгааг гаргаж тавьсан. Энэ нь ТӨК-уудын ТУЗ, гүйцэтгэх захирлуудын томилгоог улс төрөөс хараат бус байлгах зайлшгүй шаардлагатайг харуулж байна" гэсэн юм.

Монгол Улсад өнөөдөр 51,210 хүн төрийн өмчит 105 аж ахуйн нэгжид ажиллаж байна. Нэг байгууллагад дунджаар 500 орчим хүн ногдож байна гэсэн үг. Харин нэг удирдах ажилтанд ногдох хүний тоо 5-25 байгааг ТӨБЗГ судалгаагаараа гаргасан. Энэ нь улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” л гэхэд 525 удирдах ажилтантай. Ажиллах хүчний шингээлт төрийн өмчит компаниудад өндөр буюу идэвхтэй ажил эрхэлж байгаа 1.2 сая орчим хүний 5% хувь нь ТӨК-уудад ажиллаж байна гэсэн үг. Үүнийг цэгцэлж, стандартчилснаар ажилтнуудыг тоог 20 орчим хувиар бууруулах боломжтой хэмээн ТӨБЗГ үзэж буй.

Гэвч хууль батлагдаж, төрийн өмчит компаниудыг цэгцэлтэл "шахаа" дуусахгүй гэдгийг дээрх жишээ харуулав. 

Өнөөдөр төрийн өмчит компаниудын алдагдал "Чингис" бондтой дүйх хэмжээнд ирээд байгаа билээ.