Индэр    
2021 оны 3 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

₮4 их наядын өр хуримтлуулсан ТӨК-уудын засаглалыг шинэ шатанд гаргах боломжууд

Зураг

Төрийн өөрийнх нь байгуулсан компаниуд өдгөө 1.5 тэрбум ам.доллар буюу “Чингис бонд”-той дүйх хэмжээний өртэй болсон талаар өмнө нь хөндөж байсан. Харин үүн дээр Монгол Улсын Засгийн газар 34%-ийг нь эзэмшиж буй “Оюу толгой” компанийг оролцуулж тооцвол өрийн хэмжээ 40 их наядаар хэмжигдэж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ манай сайтад өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй хэлсэн.

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын томилгоог зохицуулах хууль эрх зүйгүйгээс тэнд “шагналаар” томилогдсон удирдлагууд өөрийн өмч мэт захиран зарцуулж, өөрсдийгөө хүртэл урамшуулж, төсөв хямралтай байхад тансаглаж байдаг гаж тогтолцоог халах ганц хөшүүрэг нь Төрийн өмчийн компанийн тухай хуультай болох билээ.

Энэ асуудлаар iKon.mn холбогдох хүмүүсийг оролцуулах Clubhouse платформд “₮40 их наядын өртэй ТӨК-уудын засаглал сэдвээр” хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Хэлэлцүүлэгт оролцогч гол спикерүүд болох 

  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газар(ТӨБЗГ-ын ТӨУЗГ)-ын дарга Ц.Баяр-Эрдэнэ
  • Компанийн засаглалын хөгжлийн төв(КЗХТ)-ийн захирал Т.Цэнд-Аюуш
  • "Транспэрэнси Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр

нар төр яагаад өмчтэй байх шалтгаанаа тодорхойлж, Монгол Улс Компанийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэдэгт санал нэгдэж байсныг онцолъё.

Хэлэлцүүлгийн бүрэн эхээр нь сонсох:

https://fb.watch/4e2GJMeKio/

Сургууль, цэцэрлэгээс эхлээд өнөөдөр Монгол Улсад 6,100 орчим төрийн байгууллага байна. Үүнээс 160 гаруй нь аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллага. 28 нь улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тодорхой төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготой, яамдын харьяанд явдаг газрууд.

ТӨБЗГ-т 100 гаруй аж ахуйн тооцоот байгууллагын 50%, түүнээс ТӨҮГ зонхилсон 23, цаана нь 10 гаруй компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. 

Ийнхүү төрийн байгуулсан компаниудын бүтэц ялгаатай, ТӨБЗГ-т цөөн компани хамаарч, яамд хүртэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болсон нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар Төрийн өмчийг хороог татан буулгасантай холбоотой хэмээн КЗХТ-ийн захирал Т.Цэнд-Аюуш тодотгов. Тийм ч учраас замбараагүй болж, “Эрдэнэт” ХК хүртэл ТӨҮГ гэсэн статустай болж, ТУЗ-өөр шийдвэр гаргадаг байсан нь ганцхан даргын шийдвэрээр явдаг болсон бөгөөд энэ бүхэн хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байгааг илтгэх том жишээ болохыг тэрбээр эш татсан юм. 

Эцэстээ намууд ТӨК-уудаа хуваан авч, хүнээ томилж, авлигын мөнгөөр өөрсдийнхөө санхүүг босгон улс төр рүү карер хийх хуримтлалаа үүсгэдэг болсон гэдгийг "Трансперенси Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр шүүмжилсэн. 

Шүүмжлэл дагуулж буй энэ бүх асуудлыг цэгцлэх үүднээс Ерөнхий сайдын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг томоохон судалгаа явуулж, түүндээ үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төрийн өмчит компанийн тухай хуулийг боловсруулж байгааг Ц.Баяр-Эрдэнэ хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын гол байр сууриудыг товчлон хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, ТУЗ-өөрөө шийдвэр гаргадаг байсныг ганцхан захирал шийддэг болсон нь үнэхээр хуулийн зохицуулалтгүй байгаагийн илрэл 

Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Т.Цэнд-Аюуш:

Компанийн засаглалыг төрийн өмчийн компани дээр ярихдаа бид гурван түвшинд авч үзмээр байна.

  1. Төр яагаад өмчтэй байх ёстой, яагаад төрийн мэдэлд байх ёстой, тэр компанийн хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээг хувийн компаниуд хийж болохгүй байсан уу. Ямар нэмэлт үүрэг хүлээх учраас төрд байлгаж байгаа вэ гэдэг учир шалтгааныг тодорхойлсон бодлогын чиг баримжаа хэрэгтэй. Үүнээс хамаараад хууль эрх зүйн орчноо тодорхойлох шаардлагатай байгаа. Үнэхээр ихэнх компани төрийн мэдэлд байх юм бол эдийн засгийн загварын тухай асуудал яригдаж эхэлнэ гэсэн үг. Энэ бол макро түвшинд. 
  2. ТӨК-уудыг зохицуулан удирдаж байгаа төрийн институтүүдийн өөрсдийнх нь зохион байгуулалт, бүтцийн асуудал яригдана. ТӨБЗГ, яамд, нийслэлийн өмчид хэдэн компани байгаа, засаглал нь дотроо ямар ялгаатай вэ гэдгийг эргэн харж, дахин зохион байгуулах. 
  3. Компаниуд дээрээ очиж үзэх хэрэгтэй. Компанийн ТУЗ үүргийнхээ хувьд бүрэн ажиллаж байна уу, ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь юу вэ. Компанийн талаарх мэдээлэл олон нийтэд ил тод байна уу, ямар хяналт тавигдаж байгаа, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх, захирлууд яаж томилогдож, улс төрөөс хэрхэн хамаарч байна вэ?

Энэ бүхнийг авч үзсэнээр илүү цэгцтэй болох байх.

Хувийн компаниудтай төрийн компаниуд өрсөлдөж байна. Олон улсад ТӨК нь  зөндөө байгаа. Гол нь хувийн өмчит компани ажиллаж байгаа зах зээлд маш болгоомжтой ордог. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний зарчмыг хадгалах зорилготой ордог. Үүний тулд  ТӨК-д өгч байгаа санхүүжилтийг маш нарийн аргаар шийдэж байна. Тодруулбал, ТӨК арилжааны, арилжааны бус гэсэн хоёр данстай байх бөгөөд арилжааны бус дансаар төрөөс ирэх дэмжлэгүүд нь орно. Ингэхээр тухайн компанийн ашигт ажиллагаанаас төсвийн дэмжлэгийг хасахад амар, харахад ойлгомжтой байх юм. Харин арилжааны данснаас тухайн компани үнэхээр сайн ажиллаж чадаж байгаа эсэх болон гүйцэтгэх захирлын ажлыг тэндээс хянаад дүгнэх бололцоо үүсэж байгаа юм. Энэ мэтээр олон улсад төрөөс авч байгаа дэмжлэг санхүүжилтийг маш нарийн аргаар зохион байгуулж байна. 

Манайд хувьцаа эзэмшигчдийн байдал ойлгомжгүй дээрээс нь тайлагнал нь хэцүү байгаа учраас олон улсад ашигладаг нэгдсэн тайлангийн систем буюу интегрэйтэд репортыг ашигладаг байхаар хуулиндаа тусгамаар байгаа юм. Харамсалтай нь, боловсруулж байгаа хоёр хуулийн төсөл (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компанийн тухай хууль) хаалттай явагдаад байна. Ямар судалгаагаар, ямар мэдлэгтэй хүмүүс хийж байна вэ гэсэн асуулт, хуулиндаа энэ мэт асуудлуудыг тусгахгүй байхвий гэсэн болгоомжлол байна. 

Манайх шиг улс төрийн өмчийн удирдлага зохицуулалтыг салгаж тарамдуулах нь авлигын маш том эх үүсвэр, эзэнгүйдүүлэх бодлого яваад байна гэж харж байгаа. Тэгэхээр Төрийн өмчийн хороо шиг эрх мэдэл, хяналт тавих боломжийг нь өгөөд тэндээс шалгаж хянадаг процессыг нь явуулахгүй бол нэг амбицтай сайд гарч ирэнгүүтээ дураараа авирладаг биш, яамд бодлогоо ТУЗ-д сууж байгаа дарга нараараа дамжуулан шийдэх боломжтой. 

“Эрдэнэт үйлдвэр” хувьцаат компани байж байгаад ТӨҮГ болж, ТУЗ-өөрөө шийдвэр гаргадаг байсныг ганцхан захирал шийддэг болсон нь үнэхээр хуулийн зохицуулалтгүй байгаагийн илрэл. 

Компанийн засаглалын хамгийн чухал асуудал бол ТУЗ, түүний хараат бус ажиллагаа. Үүний тулд ТУЗ-ийг бүрдүүлж байгаа гишүүд өөрсдөө ур чадвартай, төрөөс ирж байгаа янз бүрийн асуудлууд дээр өөрийн байр сууринаас хандах чадвартай байх ёстой. Энэ мэтийг тодорхой тусгаж, хариуцлагын тогтолцоог бий болгож өгөх хэрэгтэй.

Хувийн хэвшил үр дүн гаргах боломжтой салбарт төр орох шаардлагагүй

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль(ТБОНӨТХ)-ийн хүрээнд ТӨК-уудын удирдлага, засаглал, зохион байгуулалт, өмчлөл талаас нь хариуцдаг.

  • Нэг зүйлийг онцолж хэлэхэд өнөөдөр ТБОНӨТХ 1996 оноос хойш хэрэгжээд явж байгаа ч бусад хуулийг даган энэ хугацаанд 29 нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн үүрэг учир дутагдалтай болсон. 
  • Хоёрт, Компанийн тухай хууль 2011 оноос хэрэгжээд явсан бөгөөд төрийн өмчит компаниудын тухай тодорхой зохицуулалтыг оруулсан. Гэвч эрх зүйн зохицулалтууд учир дутагдалтай байгаа.
Хуульд өөрчлөлт оруулах төсөл яригдаж байгаа энэ үед ТӨК-ийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд, судлаачид, олон нийт оролцвол үр дүнтэй

Хувьчлах буюу төрийн оролцоог үе шаттай бууруулах ажил 1996 оноос хойш тасралтгүй өрнөж, тодорхой үр дүнд хүрсэн.

Хамгийн сүүлд 2019-2020 онд өмч хувьчлал хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-д оруулсан. Тэр чиглэл дото МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг 100% хувьчлахаар оруулсан.

Авто зам засвар, арчлалтын 20 компанийг бүгдийг хувьчлах чиглэл оруулаад УИХ-аар хэлэлцээд Эдийн засгийн байнгын хороон дээр явж байгаа

  1. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр стратегийн орд газар, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үр өгөөжийн дийлэнх хувийг олон нийт хүртдэг байхаар зохицуулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хүссэн хүсээгүй бид стратегийн орд газрууд, уул уурхайн ашигт малтмалын орд газрууд дээр Үндсэн хуулийн агуулгыг хэрэгжүүлэхүйц зохион байгуулалт буюу төрийн оролцоотой компанийн зохицуулалт, хяналт байх ёстой болж байх шиг байна. 
  2. Эрчим хүчний үнэ ханшийг үе шаттай чөлөөлж, зохицуулалтаас гараагүй цагт ойрын 10-20 жилдээ төрийн мэдэл, хяналтад байх зайлшгүй шаардлага байдаг юм байна. Олон улсад эрчим хүчний том компаниудыг хувьчлаад буцаагаад авч байгаа зөндөө тохиолдол байна. Тиймээс эрчим хүчний салбарт хувьчлалын асуудлаар болгоомжтой хандах ёстой байх.
  3. Төрийн чиг үүрэг, хяналтын механизмын шинжтэй байгууллагууд буюу Авто тээврийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв гэх мэт байгууллагуудын тухайд яваандаа тодорхой чиг үүргийг нь олон нийт, хувийн хэвшлээр гэрээтэй мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх замаар төрийн ачааллыг багасгаад явах байх. 
Хувийн хэвшил үр дүн гаргах боломжтой салбарт төр орох шаардлагагүй. Шинээр ТӨК байгуулахыг шалгууртай болгох хэрэгтэй байна. Судалгаатай, хэрэгцээтэй эсэхийг нэлээд сайн шүүж байж шийддэг болох хэрэгтэй. Үр ашиггүй компаниудыг татан буулгаж, хувьчлалыг үе шаттай явуулбал аяндаа цэгцрэх бололцоотой гэж үзэж байгаа. 
ТӨК-ууд нэг талаас төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг, нөгөө талаас, улстөрчдийн авлигын эх үүсвэр болоод байгаа

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр:

“Энержи” байгууллагаас “Эрдэнэс Монгол” компанид хийсэн үнэлгээний дүнгээс нөхцөл байдал бодитой харагдаж байгаа. 

Тухайлбал, уг үнэлгээгээр компани ашиг хуваах асуудал, удирдлагын томилгоо нь улс төрийн томилгоотой байгаа зэргийг гарга тавьсан. 

Энэ нь ТӨК-уудын ТУЗ, гүйцэтгэх захирлуудын томилгоог улс төрөөс хараат бус байлгах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа. 

Мөн “Эрдэнэс Монгол” компани үндсэн бизнесээсээ хазайгаад ган хайлах, хий метан гэх мэт рүү орж, 7-8 тэрбум долларын хөрөнгө босгох гээд явж байгаа нь зохицуулалт шаардлагатайг илтгэж байна. Яагаад гэхээр ТӨК 7-8 тэрбум долларын төслийг амжилтгүй хэрэгжүүлбэл өр нь татвар төлөгч иргэдэд ачаа болж ирдэг

Энэ мэт зохицуулалтуудыг бодит амьдрал дээрээс харж хийхгүй бол ТӨК-ууд өөрөө нэг талаас төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг байгууллага болчихсон. Нөгөө талаас, улстөрчдийн авлигын эх үүсвэр болоод байгаа. 

Бодитоор юу гэж анзаарагдаж байна гэхээр авлига.

Одоо намууд ТӨК-уудыг фракцаараа хувааж аваад хүмүүсээ байрлуулаад, тэндээс намууд өөрсдийгөө санхүүжүүлдэг, авлигын мөнгөөр өөрсдийнхөө санхүүг босгож улс төр рүү карер хийх хуримтлалаа үүсгэдэг болсон.

Тийм учраас бүхэлд нь хязгаарласан зохицуулалтуудыг хийж өгөх хэрэгтэй. Дүгнэлт бол 1996 оны Компанийн тухай хуулиар яалт ч үгүй одоогийн ТӨК-уудыг зохицуулах боломжгүй байна. Хуулийг яаралтай гаргах шаардлагатай.

Шүгэл үлээгчийн хууль маш чухал. Манай улс Шүгэл үлээгчийн тухай хуультай болсноор ТӨК-д ажиллаж байгаа хүмүүс тэнд болж байгаа авлигыг мэдээлэх эрх зүйн орчин бүрдэнэ. 

Шүгэл үлээгчийн тухай хуультай бусад улсад шүгэл үлээгчийн талаарх журамгүй компаниуд өндөр торгуультай байдаг бөгөөд шүгэл үлээснийх нь төлөө ажлаас халсан бол өндөр нөхөн олговор төлдөг зохицуулалттай. Энэ бол шууд бус холбоотой эрх зүйн орчин.



Өнгөрсөн Бямба гарагт зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт 100 гаруй хүмүүс оролцсоны дотор мэргэжлийн зарим төлөөлөгчид ТӨК-ийн талаар байр сууриа илэрхийлснээс дээр давхардаагүй саналуудыг товчлон хүргэе. 

Монголын хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны дарга О.Батхүү:

  • “Компани” гэдгээ агуулгаа ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл компани гэдэг бол ашгийн төлөө байгууллага. Төрийн өмчийн компани яг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах уу, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа
  • Хоёрдугаарт, нэгэнт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бол хувийн компаниуд ТӨК-уудтай өрсөлдөх шаардлагатай болно. Ингэвэл Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд явах уу, өөр эдийн засаг сонгох уу гэдэг асуулт гарч ирнэ
  • Компанийн засаглал хамгийн гол зүйл. Өнөөдөр ТУЗ-д тухайн салбарын талаар мэдлэггүй, яам, тамгын газрын хурган дарга орж байна. ТУЗ-өөс томилогдох ёстой гүйцэтгэх удирдлагын томилгоо улс төртэй хамааралтай болоод явчихдаг зэрэг асуудлыг хөндсөн юм.

Тиймээс хуулийг цогц байдлаар явуулах хэрэгтэй гэв.

УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүү:

Хувийн хэвшил хийж чадаж байгаа бизнесийг шууд хувийн хэвшилд нь өгөх хэрэгтэй. 

Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн ач холбогдолтой орд” гэдэг дэлхийн улс орнуудад байхгүй нэр томьёо орсон нь уул уурхайн салбарт асар хортой нөлөөл үзүүлж байна. Томоохон орнуудад “Стратегийн ач холбогдолтой ашигт малтмал” гэсэн тодорхойлолт бол байгаа. Энэ бол тухайн улс оронд ямар ашигт малтмал цаашдын хөгжилд хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлж буй хэлбэр. 

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой орд” гээд хуулиндаа заачихаар стратегийн орд газарт оруулахгүй тулд хайгуул хийж байгаа компаниуд ордоо жижиглэх, нөөцөө ил гаргахгүй нуух зэрэг сөрөг нөлөөтэй. 

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод стратегийн орд газарт шинээр орд  нэмэхгүй гэж томьёолсон ч цаашлаад дахин орд газрууд аваад байгаа учраас хувийн хэвшлийнхэн эрсдэлтэй салбарт орох идэвхийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхийг ч бууруулаад байгаа. 

Одоогийн байгаа засаглалын хүрээнд төрийн гэхээсээ илүү улстөрчдийн компаниуд давамгайлж байгаа гэж ойлгодог. Эрх барьж байгаа нам л ТӨК дээрээ өөрийнхөө хүмүүсийг ТУЗ, гүйцэтгэх захирлаар нь тавьдаг. ТУЗ-ийн гишүүд бол ерөнхийдөө тоглоом гэдгийг ний нуугүй хэлэх хэрэгтэй. Үүнийг засаж залруулах ганц боломж нь олон нийтэд хувьцаа гаргаж, хяналтыг сайжруулах. Одоогийн байгаа нөхцөлөөрөө сайжрах ямар ч боломжгүй. 

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн ТУЗ-ийн дарга О.Батболд:

Манай улс нь төрийн өмчийн санхүүгийн ил тод байдлыг зохицуулсан эрх зүйн орчинтой, энэ чиглэлээр олон улсад байдаг сайн туршлага, жишээнүүд нэвтэрсэн ч хэрэгжилтийн хувьд харилцан адилгүй байгаа. Үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь төрийн өмчит уул уурхайн компаниудын эрх зүйн ангилал, нэр томьёоны тодорхойлолт, бүртгэлийн зөрүүтэй байдал.  Энэ нь ТӨК-иудыг тодорхойгүй байдалд оруулахаас гадна хуулийн хэрэгжилтээс зайлсхийх асуудал ч үүсгэх талтай. Төрийн өмчит компаниудын  ангилал, бүртгэл зэргийг нэг мөр болгон цэгцэлж, бусад хууль, журамтай уялдуулахын зэрэгцээ хариуцлага тооцох, хяналтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай нь харагддаг. 

Олон улсын туршлагаас харахад ТӨК-ийн санхүүгийн ил тод байдлыг сайжруулахад хяналтын механизм хамгийн гол хөшүүрэг болж байна. Компанийн дотоод хяналтын нэгж нь гүйцэтгэх удирдлагаас хамааралгүй ТУЗ-ийн шууд удирдлага дор байж, ажлаа тайлагнадаг, санхүү, аудитын тайлангууд нь төрийн хяналтын байгууллага болон хараат бус хөндлөнгийн аудитаар дахин хянагддаг зохицуулалт үр дүнтэй байна.

Ингэснээр хяналтын үр дүнтэй механизм бүрдэж, ил тод байдлыг сайжруулж байна.

Манайд хэрэгжиж буй хяналтын зохицуулалтын хувьд ийм уялдаа холбоо сул, нэгдсэн хяналтын тогтолцоог бүүдүүлж чадаагүй харагддаг. Тиймээс ТӨК-ийн дотоод хяналтын нэгжийг үр дүнтэй ажиллуулж, тэрхүү хяналт нь дээд шатны байгууллага, төрийн хяналтын байгууллага болон хараат бус хөндлөнгийн аудитаар дахин хянагддаг, түүнийг олон нийтэд мэдээлдэг үр дүнтэй тогтолцоо бий болгох шаардлагатай байгааг онцоллоо.  

x