Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхцэцэг: Төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд авталгүй саналаа өгөх нь Ази тивд улам бүр ховордож байгаа эрх чөлөө юм

ikon.mn
2021 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгээс цагаан сонголтын талаар тодрууллаа.

-Цагаан сонголт гэж юу юм бэ. Цагаан сонголт хийх нь зөв үү?

-Ардчилсан улсын иргэн болохын хувьд Монгол Улсын иргэн олон улсын хүний эрхийн пакт болоод түүнд нийцэн гарсан сонгуулийн хууль тогтоомжийн дагуу “бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” эрхтэй. Сонгууль “жинхэнэ ёсоор” болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр улс төрийн утга учиртай өрсөлдөөн болохыг хэлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас нэр дэвших үйл явц нь тэгш шударга, хүртээмжтэй нөгөө талаас сонгогчийн хувьд сонгууль нь бидний хэлж заншсанаар сонголттой сонгууль байх шаардлагыг хэлээд байгаа юм.

Сонгогчийн байр сууринаас лавшруулбал, саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй бол заавал хэн нэгнийг сонгох албагүй, саналын хуудсан дээр огт тэмдэглэгээ хийлгүй санал тоолох машинд уншуулахыг зарим хүмүүс цагаан сонголт гэж хэлдэг. Сонголтгүй сонгууль боллоо гээд сонгох эрхээ эдлэхгүй урвайх биш, сонгуульдаа оролцох бололцоог хуулиар нээж өгч сонгуулийг учир утгатай болгож байгаа нэг арга гэж ойлгож болно. Манайх шиг сонгуулийн дүн сонгогчдын 50 хувиас дээш ирцээр баталгаажиж хүчинтэй болдог, сонгуулийн легитим чанар нь үүгээр баталгааждаг улсад энэ зохицуулалт маш чухал ач холбогдолтой. Энэтхэг гэх мэт бусад улсуудад “хэнийг ч сонгохгүй” гэснийг дугуйлах хэлбэрээр ч гэсэн байдаг. Ийм сонголт ихсэх нь нэг талаар "намуудад нэр дэвшүүлэх үйл явцаа сайжруул, сонгуульд хариуцлагатай оролц" гэсэн нэг ёсны дохио сануулга болдог гэж үздэг.

-Сүүлийн үед цагаан сонголт хийх уриалга сошиалаар багагүй өрнөх боллоо. Энэ нь хэр зөв юм бэ?

-Цагаан сонголт хий гэж байгаа нь улс төрийн тодорхой үр дагавар бүхий нэг хэлбэрийн шийдвэр гаргуулахаар нөлөөлж уриалж байгаа явдал. Энд би хоёр зүйл л хэлмээр байна. Нэгдүгээрт, ардчилсан сонгуулийн нэг гол зарчим бол сонгогч саналаа чөлөөтэй, нууцаар гаргах зарчим байдаг.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг иргэддээ Үндсэн хуулиар баталгаажуулаад олгосон орны иргэний хувьд сошиал медиа болон бусад сувгуудаас авч байгаа мэдээлэлд элдэв цензур тогтоох хэцүү. Мэдээллийн эрин зуунд сонгогч өөрөө хариуцлагатай байж, олон янзын сувгуудаас мэдээлэл авахдаа бодож тунгааж хэрсүү хандах нь зүйтэй. Эцсийн эцэст сонголт сонгогчийн гарт бий. Танд ямар ч сонголт хийхийг уриалж байсан, эцсийн дүндээ сонгуулийн өдөр очоод ямар ч сонголт хийсэн хэн ч тэр шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Саналын нууцлалыг хангах талаар манай сонгуулийн байгууллагууд сайн ажилладаг гэж боддог. Сонгуулийн өдөр саналын хуудсаа машинд уншуулахаас өмнө хийж нууцлах зориулалтын хавтас хүртэл байдаг шүү дээ. Хоёрдугаарт, цагаан сонголт хийхээр уриалаад байгаагийн цаана магадгүй 2017 оны сонгууль шиг хоёр дахь санал хураалт, цаашлаад дахин сонгууль явуулах зорилготой байж болох. Гэхдээ “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт өмнөх сонгуулийн хуульд байсныг сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа оруулж тусгаагүй орхисон байна лээ. Тэгэхээр дахин сонгууль явуулах бол цагаан сонголт уриалаад байгаа сонгогчдын хүссэн үр дүн гарах эсэх нь хуулийн хувьд тодорхойгүй.

-Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэдэд яагаад чухал болох талаар юу хэлэх вэ?

-Сонгууль бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц гэдгийг манай сонгогчид ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээж ардчилсан орны иргэн болохын хувьд төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд баригдалгүй саналаа чөлөөтэй илэрхийлж сонгуульдаа оролцох нь Ази тивд бол улам бүр ховордож байгаа эрх чөлөө, зол завшаан юм. Сүүлийн үед Тайланд, Мьянмар зэрэг улсуудад залуучууд нь ардчиллаа аврахын төлөө зэвсэглэсэн армийн эсрэг амь насаа үл хайхран яаж тэмцэж байгааг харахаар ийм зүйл бодогддог болоод байгаа л даа. Тэгэхээр ялангуяа залуучууддаа ардчилсан чөлөөт сонгуулийн үнэт зүйлдээ хүндэтгэлтэй хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 

Зураг
13 | 7 | 6 цаг