Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурав хоног суулт зарлаж байхад асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь бухимдал төрүүлж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрэн сурвалжлагч Болортуяа" нэвтрүүлгийн ээлжит дугаар Хөгжлийн бэрхшээлтэй "ТӨР" сэдэвт нэвтрүүлгээр гарсан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудалд ХНХЯ-наас тайлбар нэхсэн суултыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн н.Чулуун-Эрдэнэ зарлаад гурав хонож байгаа билээ.

Монгол Улсын хэмжээнд 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 89 мянга хөдөлмөр эрхлэх насных ч 78 мянга нь ажилгүй орлогогүй байна. Гэтэл тэдний төлөө ажиллах учиртай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 500 мянган төгрөгөөр халуун хэмжигч, 100 сая төгрөгөөр суудлын машин авсан бөгөөд шилэн дансаа хөтөлдөггүй зэрэг асуудлыг тус эрэн сурвалжилсан байсан юм. 

Иймээс дээрх асуудалтай холбоотойгоор Чулуун-Эрдэнийн хүсэлтэд хариу өгөх асуудлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаас өнөөдөр ХНХЯ-ны гадна тус яамны сайд А.Ариунзаяад хандан мэдээлэл хийв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл “Хүний эрхийн мэдрэмжтэй хандахыг мэдээллийнхээ эхэнд уриалмаар байна. Чулуун-Эрдэнэ олон асуудлыг гаргаж ирсэн. 103 мянган хүний эрх ашиг яаж зөрчигдөөд байгаа тухай бодит мэдээллийг л бид авмаар байна. Хэрэв шалгалт явагдаж байгаа бол ТББ-тай нийлж ажлын хэсэг байгуулах саналтай байна. Чулуун-Эрдэнэ тэргэнцэртэй олон хоног суулт хийж байхад одоо болтол мэдээлэл өгөхгүй байгаа нь хүний эрхийн мэдрэмжгүй хандаж байгаа хэрэг” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл “Бид Чулуун-Эрдэнийг төлөөлөөд дуу хоолойгоо хүргэхээр ирлээ. Түүний  тавьж байгаа асуудалд дорвитой хариу өгөхгүй байгаад их эмзэглэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурав хоног суулт зарлаж байхад асуудлыг шийдэж чадахгүй, надаас өмнөх асуудал гээд салбарын сайд нь яриад зогсож байгаа нь бухимдал төрүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг анхаарч харахыг хүсэж байна. Бид хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч адилхан хүн. Энэ нийгэмд тэгш оролцож, мэдээлэл авах эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан санхүүг өөр зүйлд зарцуулж байгаа болохоор Чулуун-Эрдэнэ ил тод болгож маргааныг тайлж өгөхийг салбарын сайдад хандан хэлмээр байна" хэмээв.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn