Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгөв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

ШУУД ҮЗЭХ:

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Үндэсний аудитын газар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ирүүлнэ. Хуулиар аудит хийсэн мөрийн хөтөлбөрийг ирүүлдэг. Энэ дагуу МАН-ын мөрийн хөтөлбөр зохих газраа шалгагдсан гэж үзэж байгаа учраас МАН-ын төлөөлөл та бүхэнтэй уулзах ажлыг зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн холбогдох хуулийн дагуу материалаа 100 хувь бүрдүүлж ирсэн гэж үзэж байна.

Гэхдээ нэр дэвшигчийн материалыг өгч авалцах биш, нягтлан шалгах хуулийн заалттай. Техникийн болон нууцын ажилтан гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, хуульд заасан шаардлагын дагуу нягталж, тэмдэглэл үйлдээд, хоёр талаас гарын үсэг зурснаар нэр дэвшигчийн материалыг хүлээж авсанд тооцно" гэв. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын хувьд холбогдох хуулиудыг чанд мөрдөж, нэр дэвшигчээ тодруулж ирсэн. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд аливаа нэг улс төрчийн язгуур эрх ашиг ард түмний эрх ашгаас дээгүүр байх ёсгүй. Тавдугаар сарын 2-ын өдөр МАН бага хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулсан.

Таван нэр дэвшигч дундаас олонхын санал авсан МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигчийг хангаж байгаа.

Бидний оруулсан мөрийн хөтөлбөрт 17 зүйл заалтад өөрчлөлт оруулах саналыг Үндэсний аудитын газраас ирүүлсэн. Энэ дагуу бид өөрчлөлтөө хийж, мөрөө хөтөлбөрөө аудитын газар буцаан хүргүүлсэн. Хөгжлийн гэрээ чиглэлд намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.  Бид хуулийг чанд мөрдөж ажиллах болно. Ингээд та бүхэнд нэр дэвшигчийн материалыг гардуулан өгье" гэлээ.